Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Тэргүүн, Пап Францис есдүгээр сарын 1-4-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айчлал хийнэ. Айлчлалын бүрэлдэхүүнд тус улсын Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нар багтжээ. Дэлхийн католик шашны тэргүүн энэ эрхмийн айлчлалыг сурвалжлахаар 23 орны 46 хэвлэл мэдээллийн байгууллагаас 147 сэтгүүлч, ажилтан дагалдан ирнэ. Тодруулбал, Ройтерс агентлаг, Нью-Йорк таймс, Италийн Рай телевиз, Францын Ле Монде сонин зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, редактор, зураглаач нар сурвалжлах юм байна. Шууд дамжуулалт итали, англи, монгол хэлээр явна.
Монгол Улс Гэгээн Ширээт Улстай 1992 оны дөрөвдүгээр сарын 4-нд дипломат хаилцаа тогтоожээ. Ингэхдээ найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшинд харилцаатай байдаг. Монгол талаас 1992 онд Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Худалдаа, үйлдвэрийн дэд сайд С.Ганбаатар, Үндэсний хөгжлийн дэд сайд Р.Батмэнд, 1993 онд Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн, 2000 онд Гадаад хэргийн дэд С.Батболд, 2000 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар айлчилж байжээ. Харин 2023 онд Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга, Тэргүүн хамба Пол Ричард Галлагер айлчилжээ.
Одоогийн байдлаар хоёр улсын хооронд эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдаа эргэлтийн харилцааг үүсээгүй, гэрээ хэлэлцээр хийгдээгүй байгаа юм. Ватиканы тал 1993 онд хүмүүнлэгийн тусламж болгон манай улсад 1000 кг эмийн зүйл, эмнэлгийн материал, 1996 оны хавар гарсан ой, хээрийн түймрийн хохирлыг арилгахад хандив болгон 31000 ам. доллар өгсөн. Мөн 2000 оны өвлийн зудын хохирлыг арилгахад зориулан Пап II Ионн Павел хувиасаа 50000 ам. доллар, Ватиканы хүмүүнлэгийн тусламжийн “Кор Унум” байгууллага 30000 ам. доллар тус тус хандивласан. Католик шашны “Каритас Интернационалис” байгууллага зудад нэрвэгдсэн малчдад туслах, тэднийг малжуулах богино, урт хугацааны төсөл хэрэгжүүлэхээр хандив цуглуулж байсан. Мөн Ватиканы бүрэн тэтгэлгээр 1992 оноос хойш Филиппинд 9 оюутан, Италид 2 оюутан суралцжээ. Одоогийн байдлаар Гэгээн Ширээт Улсад оршин сууж байгаа монгол иргэн байхгүй.
Уншигч та бүхэнд Пап Францисын товч намтрыг хүргэе.
2013 оны гуравдугаар сарын 13-нд 266 дахь Пап-аар сонгогдсон. Европ бус тивээс болон Иезуитын нийгэмлэгээс сонгогдсон анхны Пап болсон. Сонгогдохоос өмнө Хорхе Марио Берголио нэртэй байсан. Тэрбээр испани, итали, герман хэлтэй.
Төрсөн огноо: 1936 оны 12 дугаар сарын 17, итали цагаачийн гэр бүлд төрсөн.
Төрсөн газар: Аргентин Улс, Буэнос Айрес хот
Эзэмшсэн боловсрол:
1986 ХБНГУ-ын Франкфурт хотын Гүн ухаан, шашны номлол судлалын Ариун Жоржийн Их сургуульд докторын зэрэг
1970 – 1971 Испани Улсын Алкала дэ Энаресын Их сургуульд эрдмийн зэрэг
1967 – 1970 Сан Хосегийн коллежид Шашны номлол судлалын эрдмийн зэрэг
1963 Сан Мигель хотын Сан Хосегийн коллежид Гүн ухааны лиценциатын зэрэг
1958 – 1960 Чили Улсад хүмүүнлэгийн чиглэлээр суралцсан
1955 – 1958 Буэнос Айрес хотын католик шашны Вилья-Девото сургуулийг дүүргэсэн
Буэнос Айрес хотын Аж үйлдвэр, техникийн 27 дугаар дунд сургуулийг химийн технологич мэргэжлээр төгссөн
Ажилласан байдал:
2013 оны 3 дугаар сарын 13-нд 266 дахь Пап-аар сонгогдсон
2001 – 2013 Гэгээн Ширээт Улсын кардиналаар томилогдож, Санваартны асуудал хариуцсан яам, Зан үйл ёслолын асуудал хариуцсан яам, Католик шашны байгууллагуудын асуудал хариуцсан яаманд тус тус ажилласан
1998 – 2001 Буэнос Айресын тэргүүн хамба
1992 – 1998 Буэнос Айресын хамба
1986 – 1992 Аргентины Кордода хотын тэргүүн хамбын газарт санваартан
1980 – 1986 Сан Хосегийн коллежийн ректор
1973 – 1979 Аргентин дахь Иезутын нийгэмлэгийн тэргүүн
1969 – 1973 Аргентин дахь Иезутын нийгэмлэгт ажилласан
1969 Сахил хүртсэн
1964 – 1966 Санта Фе, Буэнос Айрес хотын католик шашны коллежид утга зохиол, сэтгэл судлалын багш
1958 Есүсийн нийгэмлэг буюу Иезутын нийгэмлэгт элссэн
Гэгээн ширээт улсын Тэргүүн, Пап Францисын Монгол Улсад хийх төрийн айлчлалын хөтөлбөрийг хүргэе.