“NASA”-гийн тайланд дурдсанаар, өнгөрөгч долдугаар сар 1880 оноос эхлэлтэй ажиглалтын түүхэн дэх хамгийн халуун сар болжээ. Тодруулбал, 2023 оны долдугаар сар нь 1951-1980 оны долдугаар саруудын дунджаас цельсийн 1.18 хэмээр халуун байжээ. Ялангуяа Өмнөд Америк, Хойд Африк, Хойд Америк, Антарктидын буланд олон жилийн дунджаас ойролцоогоор 4 хэмээр илүү халуун байв. Харин энэхүү халалтыг энэ оны тавдугаар сард далайн гадаргын температур өссөнтэй холбон тайлбарласан байна. “NASA”-гийн судлаачдын таамаглаж буйгаар, далайн гадаргын температур нэмэгдсэнээс үүдэлтэй томоохон өөрчлөлтүүд ирэх оны 2-4 дүгээр сар хүртэл ажиглагдана. Дээрх халалтад Ази, АНУ, Европын оршин суугчид илүүтэй нэрвэгдсэн бөгөөд Канад, Грект ойн түймэр дэгдсэн юм. Уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтөн, экосистемд нөлөөлж байгааг анхааруулаад, дэлхийн дулаарал үргэлжлэхийн хэрээр эдгээр нөлөөлөл улам нэмэгдэх төлөвтэй байгааг “NASA” сэрэмжлүүлжээ.