БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүс Ховд аймагт ажиллаж салбар байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтаар 2012 оны тавдугаар сард хийсэн эрх зүйн өөрчлөлт нь зарим алдаатай бодлого гарахад нөлөөлсөн тухай, тодруулбал амьтныг хамгаалахаас илүүтэй агнахад хуулийн өөрчлөлтийг хийсэн байна. Иймд Байгаль орчны багц хуулиудад оруулах өөрчлөлтийг маш нухацтай хийх шаардлагатай гэдгийг албан хаагчид илэрхийлж байлаа. Ховд аймгийн 1.038.272 га талбайг улсын хамгаалалтад авчээ. Ингэхдээ Хар-Ус нуурын БЦГ 850272 га талбай, Цамбагарав Уулын БЦГ 114000 га талбай, Хөх сэрхийн нурууны ДЦГ 74000 га талбайг Улсын тусгай хамгаалалтад авч ажиллаж байна.
Түүнчлэн Тусгай хамгаалалт болон сав газрын захиргаанд тулгамдаж буй дараах асуудлыг хамтран шийдвэрлэхээр болов.
- Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг өргөтгөх хэрэгтэй байгаа ба ус нь тусгай хамгаалалтад байдаг мөртлөө эрэг нь тусгай хамгаалалтад ордоггүй ойлгомжгүй байдлыг халах;
- Усны сав газруудад усан завийн хэрэглээг нэмэгдүүлэх;
- Хүний нөөцийн хувьд анхаарч цаашдын боловсон хүчнийг бэлдэх бодлогыг яаравчлах асуудлуудыг ярилцсан байна.