Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж, талбай дахь шарилжийг цэвэрлэх, устгах ажилд хоригдлуудыг оролцуулах тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр гаргажээ. Уг ажлыг өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулах аж. Хоригдлуудаас гадна нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, баривчлагдсан этгээдүүдийг уг ажилд оролцуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал О.Амарсанаад даалгасан байна. Ташрамд дурдахад, хоригдол, баривчлагдсан этгээдийн хөдөлмөр эрхлэх харилцааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулдаг. Тухайлбал, эл хуулийн 214.6 дахь хэсэгт “Нээлттэй хорих ангийн хоригдлыг хорих байгууллага өөрийн болон өөрийн хувь нийлүүлсэн, хамтарсан хуулийн этгээдэд, эсхүл бусад хуулийн этгээдтэй гэрээ байгуулан зохих хяналттайгаар хөдөлмөрлүүлж болно” гэж заасны дагуу дээрх тушаалыг гаргажээ.