Алтай Таван богдод автомашинаар нэвтрэхийг өчигдрөөс эхлэн хориглох тушаалыг Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны дарга А.Айдынасхар гаргажээ. Тус газар нь Монголын аялал жуулчлалын голлох бүс нутгуудын нэг. Энэ утгаараа жил бүр жуулчдын хөлд дарагддаг. Ялангуяа аялагчид Алтай Таван богдод тээврийн хэрэгслээр зорчиж буй нь байгалийн цогцолборт газрын эко системд сөргөөр нөлөөлж, олон салаа зам гарган, хөрсний эвдрэл үүсгэх болсон байна. Мөн авто машины хөдөлгөөний нөлөөгөөр тухайн бүс нутаг дахь нэн ховор, ховор ургамлууд устаж, байгалийн унаган төрх нь алдагдах болжээ. Тиймээс дээрх шийдвэрийг гаргасан гэнэ.
Үүний дагуу Алтай Таван богдын Шивээт хайрхан болон Их Ойгорт байрладаг байгаль хамгаалагчийн хяналтын цэгээс цааших хэсэгт тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй юм байна. Харин явганаар болон морь, тэмээгээр явах боломжтой аж. Энэ нь байгаль дээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх гарц гэдгийг дээрх байгууллагынхан тодотгожээ.
Бэлтгэсэн: М.Оч