АНУ-ын Нью-Йорк хотноо Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалт 2023 оны долдугаар сарын 10-наас 20-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Уг чуулга уулзалтын үеэр Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж тэргүүтэй Монгол улсын төлөөлөгчид “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын хэрэгжилтээ тайлагнаж, хоёр дахь удаагийн Үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулсан байна. Илтгэлдээ дүгнэлт зөвлөмжийн хэрэгжилт хөгжлийн бодлогуудад хэрхэн туссан тухай болон тогтвортой хөгжлийн нэгдмэл, цогц, оновчтой систем бий болгохын тулд нийгмийн бүхий л талын оролцоог хангах механизм нэн чухал болохыг онцолсон юм.
Энэ удаагийн чуулга уулзалтаар нийт 39 улс болон Европын холбоо “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын хэрэгжилтээ дүгнэн тайлагнаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ. Уулзалтын үеэр Байгаль орчин болон хөгжлийн сайдуудтай ирээдүйн тогтвортой хөгжил, тэр дундаа аюулгүй хог хаягдлын асуудлаар санал солилцжээ.
Мөн Латви улстай хог хаягдлын менежментийн чиглэлээр туршлага судалж, хамтран ажиллах санал гаргалаа. Тодруулбал, тус чуулга уулзалтад Үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулсан Эдийн засаг, хөгжлийн дэд сайд ноён Г.Түвдэндорж тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид Бүгд Найрамдах Литва улсын Байгаль орчны сайд ноён Симона Гетвиластай хоёр талын уулзалт хийлээ. Уулзалтын үеэр хоёр улсын байгаль орчны асуудлууд, түүний сөрөг нөлөөг бууруулах, дасан зохицохоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцаж, ойжуулах үйл ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлж буйгаа онцлов. Литва улс нь Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд хог хаягдлын тогтвортой менежментийг хэрхэн амжилттай хэрэгжүүлж буй талаар манай улсын төлөөлөгчдийг танилцахыг урьж, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийллээ.