УОК-оос өнгөрөгч баасан гарагт ойрын өдрүүдийн цаг агаар, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор сэрэмжлүүлэг, мэдээллийг олон нийтэд өглөө. Долдугаар сарын эхээр орсон борооны улмаас Туул, Сэлбэ, Санзай гол үерлэж, тэдгээрийн дагуух аж ахуйн нэгж, айл өрхүүдэд эд хөрөнгийн ноцтой хохирол учирсан. Түүнчлэн энэ сарын 23-нд их хэмжээний аадар орсноор голууд дахин үерлэж, гамшгийн хэмжээнд хүрсэн байна. Тэгвэл ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халах төлөвтэйг анхаарууллаа. ЦУОШГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Оюунжаргал “Ойрын хугацаанд баруун аймгуудаас эхлэн ихэнх нутгаар хална. Уг халалт говийн аймгуудад 5-6 хоног үргэлжлэх төлөвтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг хэсгээр 24-29, говийн бүсэд 37-42, Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгийн сав газраар 33-38, бусад нутгаар 29-34 градуст хүрнэ. Их халсны дараа дуу цахилгаантай аадар бороо орж, үер болох магадлалтай байдаг. Ийм эрсдэл наймдугаар сарын 1-2-нд учирч болзошгүй” гэв.
Үүний дараа УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү үерт өртсөн аж ахуйн нэгж, өрхийн хохирлыг барагдуулах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Үерийн улмаас улс, орон нутгийн авто болон төмөр зам, цахилгаан, дэд бүтцийн байгууламжууд эвдэрсэн. Энэ сарын 26-нд бид Засгийн газарт уг асуудлыг танилцуулж, Баян-Өлгий, Сэлэнгэ аймгийн Мандал сумын гүүр, Гашуунсухайтын нүүрс тээврийн авто замыг сэргээн засварлах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар шийдвэрлүүллээ. Үүнээс гадна үерт өртсөн аж ахуйн нэгж, айл өрхийн хохирлын үнэлгээг журмын дагуу тогтоож, сэргээн засах ажил үргэлжилж байна. Хохирлын үнэлгээний эцсийн тайланг УОК-оос Засгийн газарт танилцуулж, ямар аргачлалаар барагдуулах талаар нарийвчилсан дүгнэлт гаргана. Учирсан хохирол бүхнийг барагдуулах ” гэлээ. Түүнчлэн иргэд үерээс гадна учирч болох бусад гамшгийг тооцоолон, эд хөрөнгөө гамшгийн эрсдэлийн даатгалд зайлшгүй хамруулах шаардлагатайг онцлов.