Азийн бүс нутгаар, тэр дундаа Солонгосын хойг, Японы нутгаар ирэх өдрүүдэд хэт халалт тохиох талаар мэргэжлийн байгууллагаас анхааруулж эхэллээ. Японы Цаг уурын байгууллагаас иргэддээ зориулан наранд цохиулахаас урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг ч гаргажээ. Монгол орны тухайд ч мөн адил өнөөдөр баруун, говийн аймгуудын нутгаар, Бямба гаригаас эхлэн төвийн аймгуудын нутгаар 4 хоног, говийн болон зүүн бүсийн аймгуудын нутгаар 7 хоногийн туршид хэт халалт үүсэх төлөвтэй байна.
Долдугаар сарын 29-31-ний өдрүүд буюу Бямба гаригаас Мягмар гариг хүртэл говийн бүс нутгаар хэт халж, Дорноговь, Дундговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар өдөртөө +38+40 градуст хүрч халахаар байгаа тул наршилтаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, өндөр настангуудад анхаарал хандуулахыг зөвлөж байна.