Алтан овооны тэнгэрийг тайх төрийн тахилгын 110 жилийн ой энэ жил тохиож байна. Дарьганга өв, соёлыг олонд таниулах, сурталчлах, Дарьганга ястнуудын онцлогийг харуулах шийдлийг илүүтэй эрэлхийлж, зохион байгуулалтыг төлөвлөжээ. Энэ хүрээнд их тахилга наадмын үеэр нутгийн урчуудын үзэсгэлэн олон нийтэд дэлгэгдэх бөгөөд “Тал нутгийн чулуун цадиг” нэртэй мөнгөн урлалын өв, уран зураг, гэрэл зураг зэрэг үзэсгэлэн дэглэгдэнэ. Эдгээр үзэсгэлэнгүүд соёлын нэг цогц болон нэг асарт гарах юм. Тахилгын нээлт наймдугаар сарын 4-ний 20.30 цагт болох бөгөөд энэ өдрийн 22.30 цагт Эрдэнэмандал хийдийн лам хуврагууд 7 бурхан одны тахилгын зан үйлийг хийх ажээ.
Алтан-Овооны их тахилгын үйл ажиллагаанд төсвөөс 485 гаруй сая, хандивлагчдын нийлсэн нэг тэрбум орчим төгрөг зарцуулагдах юм байна. Өнөөдрийн байдлаар 4 насны хурдан морины бай шагналын хандив төвлөрөөд байгаа бол хоёр насны морьдын бай шагналын асуудал яриа хэлэлцээрийн түвшинд байгаа юм.
Тахилга наадамд зургаан насны морьд уралдах ч сонгомол нас уралдахгүй. Уралдах морьдын сэрвээний өндрийг хэмжинэ хэмээн Хурдан морины салбар комиссын дарга мэдээллээ. Тодруулбал, наймдугаар сарын 5-ны өдөр азарга, соёолон, даага уралдана.
наймдугаар сарын 6-ны өдөр их нас, хязаалан, шүдлэн насны морьд уралдана.
Уралдах морьдыг наймдугаар сарын 3-ны үдийн хойно бүртгэж эхлэх бөгөөд бүртгэл Дарьганга сумын ЕБС-ийн Спорт заланд явагдана. Тахилга наадмын үеэр 30 гаруй мянган хүн Дарьганга суманд цуглана гэдэг урьдчилсан тооцоо гарчээ.