Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь уншигч, үзэгч, сонсогчдынхоо дуу хоолой болдог зарчмын дагуу “Өнөөдөр” сониныхон Монголын нийгэмд тулгамдсан асуудал, иргэдэд тохиолддог саад бэрхшээлийг хөндөн бичиж, үүнийг хэрхэн өөрчлөх талаар санал дэвшүүлэн, шийдвэр гаргахуйц үр дүнд хүргэх зорилготой цуврал нийтлэлүүдийг энэ он дуустал Та бүхэнд хүргэх болно. Манай сэтгүүлчид “99 хувь”, “Голч өнцөг”, “Зорьсондоо”, “Жуулчин”, “Green house”, “Эгэл баатар” гэсэн зургаан багт хуваагдан, сонгосон сэдвээрээ сар тутам нийтлэл, сурвалжилга, ярилцлага бэлтгэх юм. Энэ удаа “Green house” багийн бэлтгэсэн нийтлэлийг хүргэж байна.
Баянгол дүүргийн тавдугаар хороон дахь есдүгээр байрны цахилгаан тасраад 50 орчим цагийн дараа уржигдар 19.00 цагийн үед хэвийн боллоо. Бороо орж, үер буун цахилгаан дамжуулах тоног төхөөрөмжүүд бүхий зоорийн давхар усанд автсаны улмаас ийнхүү 50-иад айл эрчим хүчгүй бүтэн хоёр өдрийг өнгөрүүлэв. Үүнээс өмнө энэ сарын дундуур үргэлжлэн орсон борооноос шалтгаалж Чингэлтэйн 18-19, Сүхбаатар дүүргийн 15-17 дугаар хороо буюу зуслангийн бүсэд 2-3 хоног цахилгаан хязгаарласан юм. Аюул ослоос сэргийлж цахилгаан тасалсан гэж албаныхан хэлж буй ч манай улсын эрчим хүчний салбарын бодит байдал гамшгийн нөхцөлд бүү хэл, энгийн үед ч ачааллаа дийлэхгүй, доголдол үүсэхдээ хүрсэн нь нэгэнт тодорхой болсон. Ийм доголдлыг арилгах, хангамжийг сайжруулж, сүлжээний ачааллыг багасгахад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс нийлүүлэх цахилгааны хэмжээг нэмэгдүүлэх нь нөлөөтэйг мэргэжилтнүүд илэрхийлж буй. Цахилгаан тасраад хэдхэн цаг болоход л үүнийг дагаад олон хүндрэл үүсэх нь тодорхой. Наад зах нь орон сууцад амьдардаг айл өрхүүд цахилгаангүй, мөн хэрэгцээний халуун, хүйтэн усгүй болж эхэлнэ.
...Нөгөөтээгүүр, хямд цахилгааныг үрэлгэн хэрэглэх нь улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгааг ч тэмдэглэж буй. Мөн шинээр барьж буй амины орон сууцын хорооллыг эрчим хүчээ заавал хосолмол эх үүсвэрээс хангахаар шийдвэрлэх, нарны панель, салхин сэнс суурилуулах айл өрхөд бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох, хэрэглээнээс илүү гарсан цахилгаанаа сүлжээнд нийлүүлбэл урамшуулах зэргээр дэмжих ёстойг ч онцолж байгаа юм...
Усыг эрчим хүч ашиглан насосоор шахаж хэрэглэгчдэд хүргэдэг учраас тэр. Эрэлтээ хангаж хүчрэхгүй учраас аж ахуйн нэгжүүдийн хэрэглээг хязгаарлаж, бороо ороход тасалчихдаг, ганц ДЦС-аас 70 хувийн хамааралтай манай улсад айл өрхүүд байгалиас өгсөн бэлгийг ашиглан эрчим хүчээ ханган, эрсдэлийг бууруулах боломж бий. Учир нь Монгол шиг нар, салхины арвин нөөцтэй, малчид, гэр хороолол, зуслангийн бүсэд амьдардаг айл олонтой улсад өрхүүд нар, салхинаас эрчим хүч гаргах бага оврын тоног төхөөрөмж суурилуулж, өөрсдийгөө хангах нөхцөл бүрдүүлэх, улмаар илүү гарсан цахилгаанаа сүлжээнд нийлүүлэх боломжтой. Гэсэн ч энэ талаар хийсэн дорвитой ажил алга.
Жижиг, дунд оврын цахилгаан үүсгүүрүүдийг олшруулах, ялангуяа өрхийн хэрэглээнд нарны панель, салхин сэнс ашиглах боломжийн талаар, энэ чиглэлд ямар бодлого баримталж буй тухай Эрчим хүчний яамнаас тодруулахад “Айл өрх, албан байгууллага ногоон эх үүсвэрээс цахилгаан үйлдвэрлэн, хэрэглээнээсээ илүү гарсныг нь төвийн сүлжээнд нийлүүлэх бүрэн боломж бий. Үүний тулд хэрэглэгч, эрчим хүчний байгууллага хооронд гэрээ хийн, техникийн болон аюулгүй байдлын нөхцөлөө тохирох ёстой. Эхлээд сүлжээнд цахилгаанаа нийлүүлнэ. Шаардлагатай үедээ сүлжээнээс цахилгаан авбал төлөх төлбөртөө нийлүүлсэн эрчим хүчний үнийг тооцон, дүйцүүлж болно. Одоогоор Улаанбаатарын хэмжээнд хоёр өрх л төвийн сүлжээнд цахилгаан нийлүүлж буй” хэмээв.
Хэдийгээр гэр хороолол, зуслангийн бүсэд амьдарч буй 10 000 орчим өрхөд нарны панель хөнгөлөлттэй нөхцөлөөр суурилуулж өгөхөөр одоогоос дөрвөн жилийн өмнөөс төлөвлөсөн чажилд нь ахиц гараагүй байгаа аж. Олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлэх байсан ажил нь цар тахал болон бусад шалтгааны улмаас зогссоныг салбарын яамнаас мөн мэдээллээ.
Дээр дурдсанчлан төвийн системд цахилгаан нийлүүлж буй хоёр айлын нэгийнх нь гэрийн эзэн, эрчим хүчний инженер Б.Цэвээнээс бусад айл өрх эрчим хүчний асуудлаа тэднийх шиг шийдэх хэр боломжтой, мөн бэрхшээл тулгардаг, эсэх талаар сонирхлоо. Тэрбээр “Манайх дөрвөн жилийн өмнөөс нарны панель ашиглан эрчим хүч үйлдвэрлэн, өрхийн хэрэглээгээ хангаж байна. Өмнө нь зөвхөн өдрийн цагаар буюу нартай үед л цахилгаантай байж болдог байв. Харин энэ оны эхнээс тоног төхөөрөмжөө сайжруулан, дөрвөн цэнэг хураагууртай болсноор хоногийн 24 цагийн турш нарны энергийг ашиглах боломж бүрдсэн. Хэрэглээнээс илүү гарсан цахилгаанаа төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлдэг бөгөөд ямар ч тохиолдолд сүлжээнээс цахилгаан авах шаардлагагүй болсон. Манайх 200 ам метр амины орон сууцаа халааж, гэрэлтүүлэх нарны цэнэг хураагуур дөрвийг суурилуулж, 10 кВт цахилгаан үйлдвэрлэж эхлэхэд 150 орчим сая төгрөг зарцуулсан.
Бүх айл ийм хэмжээний хөрөнгө гаргаж эрчим хүчний асуудлаа шийдэх боломжгүйг ойлгож байна. Үүнийг төрөөс бодлогоор дэмжин, айл өрхүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох хэрэгтэй” гэв. Мөн тэрбээр гэр хорооллын айлуудын дийлэнх нь орлого багатай учраас орон сууцад орж чадахгүй байгааг анхаарах нь зүйтэй. Орлого багатай өрхөд сэргээгдэх эрчим хүчээр хэрэглээгээ ханга хэмээн тулгах боломжгүйг онцолсон юм. Харин зуслангийн бүс, хотоос зайдуу амьдардаг айлууд, амины орон сууцын хороооллынхныг ийм дэд бүтэцтэй болговол илүү үр дүнтэй аж. Энэ талаар Амины орон сууцын инновац хөгжлийн төвийнхнөөс лавлахад нэгэн мэргэжилтэн нь “Шадавлингийн зусланд дөрвөн улиралд амьдрах боломжтой, 100 орчим ам метр талбай бүхий байшинтай айл бий.
Байшингийн халаалт, цэвэр, бохир усны системээ цахилгаанаар шийдсэн бөгөөд өвөлд халаалт, бойлуурын зардалд сард дунджаар 200 000 төгрөг төлдөг. Зуслангийн байшин нь эзэнгүй байсан ч ялгаагүй халааж байдаг. Хэдийгээр төлбөрийн чадвартай ч цахилгааныг ийнхүү үргүй зарцуулах нь улсын эдийн засагт өгөөжгүй. Тиймээс ийм айлуудад эрчим хүчний шинэ эх үүсвэр санал болгох, ногоон эрчим хүчээр хэрэглээгээ хангахын үр өгөөжийг таниулах хэрэгтэй. Бидний тооцсоноор Долоон буудлаас Шаргаморьт хүртэлх бүсэд амьдардаг 10 000 айлыг нарны панелиар хангах боломжтой бөгөөд нарны гэрэл удаан тусдаг, тохиромжтой бүс юм. Гагцхүү айл өрхийн төлбөрийн чадвар, боломжид тулгуурласан бүтээгдэхүүнийг санал болгож, төрөөс төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нь зүйтэй” хэмээн ярив.
Өдгөө манай улсад нарны панель гадаадаас оруулж ирдэг, айл өрх, аж ахуйн нэгжүүдэд суурилуулж өгдөг 10 гаруй компани үйл ажиллагаа явуулж буй аж. Тэдгээрийн бүтээгдэхүүн янз бүрийн ханштай бөгөөд цагт3-5 кВт цахилгаан үйлдвэрлэдэг, зөвхөн өдөр буюу нартай үед ашиглаж болдгийнх нь үнэ дунджаар 20 гаруй сая төгрөг юм байна. 3-5 кВт цахилгаанаар 6-7 ам бүлтэй нэг өрхийн цахилгааны хэрэглээг бүрэн шийдэж болох агаад зай хураагуур нэмж суурилуулснаар 24 цаг ашиглах боломж бүрдэнэ гэсэн үг. Сонирхуулахад, Япон, БНХАУ, БНСУ зэрэг ногоон эрчим хүчний үйлдвэрлэлээр тэргүүлж буй улсад хотхон, хорооллуудыг заавал нар, салхины эрчим хүчний эх үүсвэртэйгээр бариулахад анхаарах болжээ.
Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг олшруулж, хэрэглээг нь нэмэгдүүлэхийн тулд эрчим хүчний суурь тарифыг өсгөх шаардлагатайг хэлэх хүн цөөнгүй байна. Учир нь үнийг нь барьж байгаа нь салбарын хөгжлийг боомилж буй нэгэн шалтгаан гэдгийг мэргэжилтнүүд дурдаж байлаа. Нөгөөтээгүүр, хямд цахилгааныг үрэлгэн хэрэглэх нь улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгааг ч тэмдэглэж буй. Мөн шинээр барьж буй амины орон сууцын хорооллыг эрчим хүчээ заавал хосолмол эх үүсвэрээс хангахаар шийдвэрлэх, нарны панель, салхин сэнс суурилуулах айл өрхөд бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох, хэрэглээнээс илүү гарсан цахилгаанаа сүлжээнд нийлүүлбэл урамшуулах зэргээр дэмжих ёстойг ч онцолж байгаа юм.
Ташрамд дурдахад, манай улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал одоогоор 1500 орчим МВт байгаа бөгөөд ирэх 10 жилд хэрэглээ нь чадлаасаа гурав дахин өсөх магадлалтайг салбарын сайд хэлсэн билээ. Хэрэглээ ийнхүү тогтмол өсөж буйтай холбоотойгоор өнгөрсөн өвөл ОХУ-аас нэвтрүүлэх хүчин чадлынхаа дээд хэмжээгээр буюу 345 орчим МВт цахилгаан импортолжээ. Өмнө нь хойд хөршөөс жилд дунджаар 220 орчим МВт цахилгаан худалдан авч ирсэн дүн бий. Том чадлын эх үүсвэр болох “ДЦС-5”, Эгийн голын усан цахилгаан станц барина хэмээгээд олон арван жил өнгөрлөө. Улсаас хэрэгжүүлэх төслийн явц энэ мэтчилэн удаан байхад айл өрхүүд эрсдэлээс өөрсдөө сэргийлэх боломж дээр дурдсанчлан бий.