Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн Баярын хурал Хан Хэнтий чуулгад болж байна. Энэ үеэр Хэнтий аймгийг "Сүхбаатарын одон"-оор шагнаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавд батламж гардууллаа.
Баярын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат, Соёлын сайд Ч.Номин, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол түмний өвөг дээдэс Бурхан Халдун хайрханд бууриа зассан тэр цагаас хойш энэ нутагт Хамаг Монгол Улс, Их Монгол Улс, Монголын Эзэнт гүрний үе үеийн ихэс дээдэс, хаадыг хаан өргөмжлөх ёслол үйлдэн, өндөр төр, өргөн түмнийхээ ариун гал голомтыг хөгжөөн бадрааж ирсэн түүхтэй. Хан Хэнтий аймаг нэгэн цагт дэлхий ертөнцөд амар амгаланг тогтоож, хөгжил дэвшлийг цогцлоосон аугаа их эзэнт гүрний үндэс суурийг тавьсан мянганы суут хүмүүн Эзэн Чингис хааны өлгий нутаг гэдгээрээ дэлхий дахинд алдаршин хөгжих бүрэн боломжтой. Хан Хэнтий нутгийн ард түмэн Их Эзэн Чингис хааны өлгий нутгийн гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан, агуу түүхт нутаг усаараа бахархаж, Их хааныхаа суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлоо үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ хичээн бататгаж, нутаг ус, улс орноо мандуулан хөгжүүлэхэд сэтгэл зүрхээ зориулан хичээн зүтгэх учиртайг” гэдгийг онцоллоо.
Хан Хэнтий нутгийг Эзэн Чингис хааны алтан ургийн Шолой сэцэн хан сахин сууснаар Халх дөрвөн аймгийн нэг Сэцэн хан аймаг хэмээгдэх болсон түүхтэй бөгөөд 1923 онд “Хан Хэнтий уулын аймаг” хэмээн нэрлэсэн юм. Тухайн үед Хан Хэнтий уулын аймаг нь өнөөгийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн газар нутгийг хамарч байсан бөгөөд 1930 онд Дорнод аймаг, 1942 онд Сүхбаатар аймгийг байгуулжээ.