Ойн хөнөөлт шавжтай улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 61385 га талбайд устгал хийхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар Батцэнгэл, Булган, Жаргалант, Эрдэнэбулган, Өлзийт, Тариат, Цэнхэр, Цэцэрлэг сумдын ойн санд үүргийн шүршигч багаж ашиглан, микробиологийн аргаар тэмцэх ажлыг нийт 19275 га талбайд хийгээд байна. Мөн агаарын хөлөг ашиглан авиа микробиологийн аргаар ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг Хотонт сумын ойн санд 8000 га талбайд гүйцэтгэжээ. Нийт тэмцлийн ажлыг 44.4 хувь буюу 27275 га талбайд зохион байгуулаад байна.
Агаарын хөлөг ашиглан авиа микробиологийн аргаар ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг үргэлжлүүлэн Булган, Төвшрүүлэх, Цэнхэр сумын ойн сангийн 32000 га талбайд хийнэ. Агаарын тэмцлийн ажлыг цаг агаарын нөхцлөөс шалтгаалж өдөрт 8-9 удаагийн нислэг үйлддэг ба нэг нислэгт 1 тонн бодисыг 350 га талбайд цацдаг байна. Ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажил энэ оны 4 дүгээр сараас эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 12 аймгийн ойн сан бүхий газар, Богдхан уулын Улсын тусгай хамгаалалттай газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар, Улаанбаатар хот орчмын ногоон бүсийн ойн санд нийтдээ 120000 гаруй га талбайд хийж, үр дүнгээ өгсөн гэж дүгнэжээ.