Улаанбаатарын үерийн буруутныг хайх “ажиллагаа” өдгөө нийслэл даяар, шат шатанд өрнөж байна. Ийм байдалд хүргэсэн олон буруутан тодруулснаас голын савд баригдсан “S’outlet” дэлгүүр, “Авлига хороолол” гэж олны нэрлэсэн “Aqua garden” хоёр илүүтэй чичлүүлээд буй билээ. Манай дарга нар аливаа асуудлын бурууг өөрсдөөсөө холдуулж, амьгүй зүйлс рүү чихэхдээ гаргууд. Энэ удаад чтэр жишгээрээ үерийн буруутнаар барилгуудыг тодруулаад байна. Хот төлөвлөлт, барилгажилтын алдаа, гажуудлуудын гол жишээ болсон эдгээр барилгыг хэн барив. Бас хэн гэдэг эрх мэдэлтэн нь зөвшөөрөл олгосон бэ. Цаашдаа яах вэ гэдэг нь олны анхааралд байна.
Үертэй холбоотой сэдэв“халуун” хэвээр, эрсдэл буураагүй, цаашид ч үргэлжлэх магадлалтай энэ үед хувийн хэвшлийн “Престиж инженеринг” болон “Хайдродизайн прожект” компанийнхан хамтран Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө боловсруулснаа нийслэлийн удирдлагуудад танилцуулсан нь анхаарал татлаа. Уг төлөвлөгөөг 70 орчим инженер, зөвлөх мэргэжилтний бүрэлдэхүүнтэй боловсруулсан бөгөөд тэд цаашид болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн тулд “S’outlet” дэлгүүр, “Авлига хороолол”-ыг зайлшгүй нурааж, усан замыг чөлөөлөх шаардлагатай хэмээн “оношилжээ”. Эдгээрээс гадна голуудад саад болсон барилга дахиад 27 бийг ч тогтоосон гэнэ.
“АВЛИГА ХОРООЛОЛ”-ЫН БАЯЛАГ ТҮҮХ
“Aqua garden” гэх гоё нэртэй ч ачир дээрээ бүтэхгүй бүхний жишээ болсон “Авлига хороолол”-ыг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй. Энэ хорооллын түүх 2008 оноос эхтэй. Уг нь “Эм энд Жи констракшн” компанийнхан усан парк барих зориулалтаар газар ашиглах эрх авсан ч орон сууц болгон “хувиргасан” нь хүн бүхний нүднээ ил байна. Тус компани 15 жилийн хугацаанд нийслэлийн долоон Засаг даргатай нүүр тулж, удаа дараа шүүхэд маргаан үүсгэжээ. Хамгийн сүүлд Засаг дарга Д.Сумъяабазар 2021 онд газар эзэмших эрхийг нь цуцалсан ч шүүхийн шатанд очоод ялагдсан байна. Улмаар тухайн компанийн газар эзэмших эрхийг нь сэргээснээр орон сууц барих нөхцөл нь бүрдсэн гэнэ. Өнгөрсөн хугацаанд усан парк хэрхэн орон сууц “болсныг” үүнд хэн, хэн гар бие оролцсон талаарх мэдээллийг товчхон хүргэе.
2008 оны есдүгээрсарын17. Нийслэлийн Засаг дарга 442 дугаар захирамж гаргаж, “Эм энд Жи констракшн”-д 118 000 ам метр газрыг орон сууцын зориулалтаар таван жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэжээ. Тухайн үед хотын даргаар Т.Билэгт ажиллаж байв.
2013 оны аравдугаарсарын18. Нийслэлийн Засаг дарга А/951 дугаартай захирамж гаргаж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 118 000 ам метр газрыг “Эм энд Жи констракшн” компанид ногоон байгууламжийн зориулалтаар таван жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ үед хотын даргаар Э.Бат-Үүл ажиллаж байсан аж.
2017 оны тавдугаарсарын9. “Эм энд Жи констракшн” компанийн захирал А.Амарбаясгалан усан парк байгуулах ажлыг сарын дараа эхлүүлнэ хэмээн мэдэгдэж байжээ. Мэдээж хэлсэн хугацаандаа уг ажлыг хэрэгжүүлээгүй.
2018 оны арваннэгдүгээр сарын 27. Нийслэлийн Засаг дарга А/1111 дугаартай, Газар эзэмших ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт байршил, нэр өөрчлөх тухай захирамж гаргав. Үүнд “Эм энд Жи констракшн” компанид эзэмшүүлсэн 118 000 ам метр газрын зориулалтыг хэсэгчилсэн байдлаар өөрчлөхөөр заажээ. Тухайлбал, 29 444 ам метрийг нь үйлчилгээний зориулалтаар, 78 875 ам метр газрыг усан парк, спорт цогцолбор барихад зориулж эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн аж. Энэ хугацаанд нийслэлийн Засаг даргаар үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан ажиллаж байсан юм.
2020 оны есдүгээрсарын 30. Нийслэлийн Засаг дарга А/1155 дугаартай захирамж гаргаж, “Эм энд Жи констракшн” компанид олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна. Энэ үед мөн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Ж.Батбаясгалан ажиллаж байжээ.
2021. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар А/514, А/515, А/516 дугаартай захирамж гаргаж, нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1111 дүгээр захирамжаар “Эм энд Жи констракшн” ХХК-д 29 444 ам метр газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх эрх олгосныг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна.
Гэсэн ч удалгүй нийслэлийн Засаг дарга А/838 дугаартай, Захирамж хүчингүй болгох тухай захирамж гаргажээ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0147 дугаар шийдвэрийн дагуу нийслэлийн Засаг даргын 2021 оны А/515, А/516, А/517 дугаар захирамжийг хүчингүй болгохоор үүнд тусгасан аж. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн дагуу дээрх компанийн газрын эрхийг сэргээсэн тухай хотын дарга Д.Сумъяабазар ярьж байжээ.
2022 оны дөрөвдүгээр сар. Усан парк барина гэж байсан газарт орон сууцын хороолол барьж эхлэв. Эндээс тухайн компани усан парк барихаар төлөвлөсөн газрын зориулалтыг дураараа өөрчилсөн байж болзошгүй гэсэн хардлага төрж байна. Эс бөгөөс манай эрх баригчид, хотын удирдлагууд зориулалтыг нь өөрчлөөд өгчихсөн байж ч болзошгүй.
“S’OUTLET”-ИЙН ЭЭДРЭЭ
Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт, Сэлбэ голын голдиролд барьсан “S’outlet” дэлгүүрийн тухайд газрыг нь 21 жилийн өмнө буюу 2002 онд Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Энхбаярын захирамжаар олгожээ. Улмаар үүнээс хоёр жилийн дараа нийслэлийн Засаг даргаМ.Энхболдын захирамжаар 288 ам метр болгон, газрын хэмжээг нь нэмэгдүүлсэн аж. Гэхдээ үүгээр бүх зүйл дууссангүй. Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр 2009 онд газрын хэмжээг нь 1665 ам метр болгон тэлэх шийдвэр гаргасан байна. Цаашлаад 2015 онд нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаагийн гарын үсэгтэй захирамжаар газрын хэмжээг дахин нэмэгдэж, 2409 ам метрт хүргэн сунгасан аж. Түүнчлэн тус газарт 2014 онд уг нь түр барилга барих зорилгоор зөвшөөрөл өгсөн байжээ. Гэтэл тэр зориулалтыгбаримтлалгүйгээрүерийн замыг хаасан, түр бус, байнгын байгууламж барьж, 2015 онд ашиглалтад оруулсан юм.
Харин өдгөө уг барилгыг барьсан, ашиглалтад оруулсан буруутан нь олдохгүй байгаа. Барилгыг одоо ашиглаж байгаа эзэд нь “Юу ч мэдэхгүй” хэмээн мэдэн будилах болсон. Тус дэлгүүрийг “S sign” хэмээх компани эзэмшдэг. Эл компанийн төлөөлөл “Объектыг2019 онд хувь хүнээс худалдаж авсан. Өмнө нь түрээсийн журмаар ашигладаг байснаа дараа нь худалдаж авсан юм. Бичиг баримт, барилгын зөвшөөрөл ямар ч асуудалгүй” гэсэн тайлбар хэвлэлүүдэд өгсөн байв. Үүнээс харахад дэлгүүрийн нөхцөл байдал одоо, цаашид яах вэ гэдэг тодорхойгүй, ээдрээтэй байдал үүсгээд буй юм. Газар анх олгосон, улмаар барилга барьсан, ашиглалтад оруулсан, цаашлаад бусдад шилжүүлсэн зэрэг үйл явдлын гинжин хэлхээний цаана яг юу болж өнгөрсөн, буруутан нь хэн байсныг үерт өртөж, өчнөөн эд хөрөнгөөрөө хохирсон хүмүүс мэдэх эрхтэй. Гэтэл одоогийн нөхцөл байдлаас харвал тэр бүх үйл явц цоожтой хаалганы цаана, ямар ч хяналтгүйгээр өрнөсөн мэт дүр зураг л бууж байна.
МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ШИЙДЭЛ
“Престиж инженеринг” болон “Хайдродизайн прожект” компанийнхан хамтран Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө боловсруулсныг өмнө дурдсан. “Престиж инженеринг” нь хот, суурины усан хангамж, үерийн хамгаалалтын ТЭЗҮ, зураг төсөл, техникийн шийдэл боловсруулах чиглэлээр 30 жил ажилласан туршлагатай компани аж. “Хайдродизайн прожект” нь 2011 оноос хойш хот, суурин, уул уурхай, үйлдвэрийн усан хангамж, ариутгах татуургын сүлжээ, барилга байгууламжийн зураг, төсөв боловсруулах чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг зөвлөх үйлчилгээний компани юм байна.
Дээрх компаниуд “S’outlet” дэлгүүр болон “Авлига хороолол”-ыг буулгах шаардлагатай гэсэн үндэслэлээ “Усны нөөц бүрдүүлэх зориулалтаар чөлөөлөх ёстой” гэж тайлбарлажээ. “Престиж инженеринг” компанийн гүйцэтгэх захирал Ш.Ганзориг энэ талаар “Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг 100 жилд нэг удаа тохиох үерийн эрсдэлийг тооцоолон боловсруулсан. Одоогоор мастер төлөвлөгөөний хүрээнд ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа. Есдүгээр сарын сүүлч гэхэд ажлын зургаа гаргасан байхаар төлөвлөсөн. Бид АНУ-ын армийн инженерийн корпусын гаргасан, дэлхийн аль ч улсад хэрэглэдэг загварчлалыг ашигласан. Төлөвлөгөө боловсруулахад уг загварчлалыг ашиглаж чадах хэмжээний, үндэсний мэргэжилтнүүд хамтран ажилласан” гэв.
“Хайдродизайн прожект” компанийн захирал Н.Солонго “Мастер төлөвлөгөөг боловсруулахдаа суурь судалгаа хийсэн. Ингэхдээ инженер, техникийн ажилтнууд үерийн хамгаалалтын бүх барилга байгууламжийг газар дээр нь үзэж, судалсан. Борооны ус зайлуулах шугам сүлжээний ихэнхийг 1990 оноос өмнө барьсан, насжилт хэтэрсэн тул бүгдийг нь нэгдсэн цуглуулагчид холбох, томоохон насос станц байгуулах шаардлагатай. Мөн Туул голд үерийн усыг хуримтлуулах цогцолбор барих нь чухал. Энэ нь үерийн эрсдэлийг бууруулахаас гадна усан хангамж, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, экосистем, хүрээлэн буй орчинд эерэг өөрчлөлт үзүүлнэ” хэмээжээ.
Дээрх төлөвлөгөөг боловсруулсан багийнхантай хотын дарга Д.Сумъяабазар уржигдар уулзсан бөгөөд “Сэлбэ, Дунд голын урсцад нөлөөлөхүйцээр барьсан барилгуудыг нураах эрх зүйн орчныг судалж байна. Засгийн газарт танилцуулж, шийдвэртэй арга хэмжээ авна” хэмээн мэдэгдсэн юм. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ наадмын өмнө үерт өртсөн газруудад очихдоо голын далан, суваг, голдирол хааж барилга барьсан, зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг Авлигатай тэмцэх газар болон хууль хяналтын бусад байгууллагаар яаралтай шалгуулах үүргийг Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын удирдлагуудад үүрэг болгож байв. Нийслэлд болсон үер нь байгалийн гамшиг бус, харин авлигаас үүдэлтэй гажуудал гэдгийг Ерөнхий сайдаасаа авхуулаад ийнхүү бүгд л ойлгож байх шиг. Гэсэн ч энэ маягаараа удахгүй шийднэ гэж алгуурлаж, хэн нэгэнд үүрэг өгсөн шигээ суусаар үерийн улирлыг дуусгах нь.
Д.СУМЪЯАБАЗАРЫГ ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧИД
Гамшгийн нөхцөл байдалтай холбоотойгоор нийслэлийн Засаг даргын дэргэд Эрдэмтдийн зөвлөл байгуулах саналыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа гаргасан гэнэ. Уг нь хотын удирдлагын баг өргөн бүрэлдэхүүнтэй. Өөрөөр хэлбэл, олон хүн байсаар атал дахиад нэг зөвлөл хэрэгтэй юү. Эс бөгөөс одоогийн бүрэлдэхүүнд нь дээрх асуудлуудыг зохицуулж чадах хэмжээний мэргэжлийн хүн байхгүй хэрэг үү. Юутай ч хотын удирдлагын багт хэн хэн байдаг, тэд ямар чадавхтайг уншигч та тунгаана уу.
-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар
Бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн. 2008 онд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр анх сонгогдсоноос хойш улс төрийн алба тогтмол хашсан. УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байгаад 2020 онд нийслэлийн Засаг даргаар томилогдсон.
-Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн
Эдийн засагч мэргэжилтэй. 2016-2020 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан. 2020 оноос нийслэлд “ирж”, Засаг даргын орлогчоор ажиллах болов.
-Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө
Эрхзүйч мэргэжилтэй. 2019 онд УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байгаад 2020 оноос хотын даргын орлогч болжээ.
-Нийслэлийн Засаг даргын захиргаа, хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ
Хуульч мэргэжилтэй, 2016-2018 онд хотын даргын ахлах зөвлөхийн алба хашиж байжээ. 2021 оноос дахин ахлах зөвлөхөөр ажиллахаар томилогдсон.
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга И.Баатархүү
2022 оны наймдугаар сард уг албан тушаалд томилогдсон. Өмнө нь ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байжээ.
-Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа
Гадаад хэлний багш мэргэжилтэй. Олон улсын хөгжлийн чиглэлээр магистр зэрэгтэй. 2013-2017 онд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т ажиллаж байсан. 2020-2022 онд нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын албыг хашиж байгаад энэ оны эхээр хотын ерөнхий менежерийн албан тушаалд томилогдсон.
-“Бодлогын судалгаа, шинжилгээний төв” НТҮГ-ын гүйцэтгэх захирал Р.Дагва
Эрхзүйч мэргэжилтэй. 2019 онд нийслэлийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан. Мөн нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байв. Дээрх албан тушаалд энэ оноос томилогдсон юм.
-“Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж ” НӨТҮГ-ын захирал Ч.Батзориг
Нийслэлийн Засаг даргын зөвлөхөөр ажиллаж байгаад 2022 оноос дээрх албан тушаалд томилогдсон.
-“Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг
Хуульч мэргэжилтэй. Өмнө нь хувийн хэвшилд ажиллаж байгаад 2016 оноос Үндэсний хөгжлийн газар, цаашлаад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэс Тавантолгой” компанид удирдах албан тушаал хашсан. 2020 оноос нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад 2021 оноос дээрх албан тушаалд томилогдсон.
Дээрх мэдээллээс харахад Д.Сумъяабазарын багаас одоо үүсээд буй нөхцөл байдлыг шуурхай шийдвэрлэж, хохирол багатайгаар даван туулж, иргэдээ аюулгүй, хохиролгүй болгох “хүч” харагдахгүй байна. Гэсэн ч бид энэ гамшгийг даван гарах ёстой. Иргэд цаашид үүн шиг эрсдэлтэй дахин тулгарахгүй байх нь зүйтэй. Ийм боломжийг хэрхэн бүрдүүлж, хотын удирдлагууд одоогийн хүнд нөхцөл байдлаа яаж шийдвэрлэхийг харан суухаас өөр сонголт бидэнд алга. Ямартай ч өнгөрсөн хугацаанд үүссэн завхрал, “авлигын” үерийг хоёрхон барилгад тохоод өнгөрөх ёсгүй. Харин тулгарсан асуудал, бэрхшээлээ уг үндсээр нь, бүрмөсөн шийдэх шаардлагатайг хоёр удаагийн үер хэдийн сануулсан биз ээ.
Бэлтгэсэн: М.Оч