Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл нуурын улсын тусгай хамгаалалттай газарт тавьж буй авто замын ажил удааширснаас орчны бохирдол үүсгэж, нуурын экосистемд сөргөөр нөлөөлж байгааг байгаль орчны салбарынхан болон орон нутгийн иргэд хөндөж эхэлсэн. Тэгвэл БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Хатгал-Жанхай-Тойлогт, Хатгал-Хүзүүвчийн шил чиглэлийн 37.9 км авто замын гүйцэтгэгчээр шалгарсан Хятадын компани ажлаа хийж чадахгүй байгааг дурдаад, тэднийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, байгаль орчинд учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлэхээ мэдэгдлээ. Тэрбээр замын ажил хариуцсан компанийн төлөөлөлтэй уулзаж, тодорхой шаардлагуудыг ч тавьжээ.
Аялал жуулчлалын гол бүс нутаг болсон Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрыг дэд бүтэцтэй болгох төслийг 2018 онд эхлүүлсэн ч цар тахал, хүйтний улирал, жуулчлалын оргил үе зэргээр шалтаглан цалгардуулсаар дуусгахаар төлөвлөсөн хугацаанаас нь гурван жил хэтрүүлээд буйг нутгийн иргэд хэлэв. Ингэснээр тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн зорилгыг алдагдуулж, олон жил дуншсан Дархан-Уулын замынхтай ижил нөхцөл үүсгэж байгааг ч хөндлөө.