Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан Говь-Алтай, Увс, Ховд гэсэн ирвэс бүхий гурван аймгийн 11 сумд “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад экологийн боловсрол олгоход чиглэсэн ажлууд голдуу хэрэгжүүлдэг бол энэ онд “уулын эзэн”-д зориулж, Говь-Алтай аймгийн Дарви сумын Мараатын эх хэмээх газарт хөв байгуулахаар болжээ. Тус цэгт ус хуримтлуулах хөв байгуулснаар цоохор ирвэс, түүний идэш тэжээл бологч амьтдын амьдрах орчин сайжирна гэж үзэж байгаа аж. Хөв барих аж ахуйн нэгжийг ирэх сарын 3-ны дотор шалгаруулж, ажлыг нь 20-нд эхлүүлэн, аравдугаар сарын сүүлчээр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Бэлтгэсэн: Н.Мишээл