Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-аас цахимаар удирдан зохион байгууллаа. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 14 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилт, ногоон байгууламжийн ажлын нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд 25 байгууллага 658 арга хэмжээ хэрэгжүүлэхээс хэрэгжилт 60 хувьтай байна. Улс, нийслэлийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 19 байршилд дулааны 28.1 км гол шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх бөгөөд тус ажил 63 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Нийслэлийн их засварын ажил 64, урсгал засварын ажил 44 хувьтай байна. Гэвч он гарснаас хойш 307 мэргэжилтэн, ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн нь орон сууц, нийтийн аж ахуйн салбарт хүний нөөцийн хомсдолыг үүсгэжээ. Нийслэлд хувийн орон сууцны 68 контор үйл ажиллагаа явуулж, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын орон сууц 49, хувийн орон сууцууд 51 хувийг эзэлж байна.