Үргэлжлэн орсон борооны улмаас нийслэлийн төвийн зургаан дүүргийн 138 гудамж замын 18.6 мянган ам метр талбайд нүхэн эвдрэл үүссэн. Үүнтэй холбоотойгоор 3321 ам метр талбайн нүхэн эвдрэлийг засаад байна. Долоодугаар сарын 23-нд орсон аадар борооны улмаас Чингүнжавын гудамж, Уулын зам эвдэрсэн. Чингүнжавын гудамжны замын хууларсан асфальт хучилтыг цэвэрлэлээ. 2000 ам метр талбайд хучилт хийх шаардлага үүсжээ. Нүхэн эвдрэл засварлах болон ээлжит засварын ажил үргэлжилж байгаа бөгөөд 16 байршилд ээлжит засвар хийхээр төлөвлөжээ. Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ийн дарга С.Адъяасүрэн “Өнгөрсөн долоо хоногт 87 удаагийн гэмтэл гарсан. Бороо орсны улмаас 28 гэмтэл гарснаас цахилгаанаас улбаатай таваас бусдыг зассан” гэдгийг хэллээ.