Нийтийн тээвэр, боловсрол, эрүүл мэнд болон төрийн үйлчилгээг авахад тулгарч буй олон асуудлыг технологийн дэвшлээр шийдэх “Дижитал хот” төслийг дэлхийн цөөнгүй орон хэрэгжүүлж буй. Тэдгээрийн нэг нь манай улс юм. “Дижитал хот” төслийг 2020-2024 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд салбар бүр мэдээлэл технологийн шийдлүүдийг ашиглан, иргэд ажиллаж, амьдрахад таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж буй. Үүний хүрээнд цахим засаглал, зам, тээврийн нэгдсэн систем гэсэн хоёр бүлэгт хамаарах 13 төсөл хэрэгжүүлж байгаа аж. Тухайлбал, онлайн бизнес төвийн, хэсгийн ахлагчийн, боловсролын, эрүүл мэндийн, сити дашбоард, цагдаагийн байгууллагын лавлагааны систем гэсэн зургаан төслийг цахим засаглалийн хүрээнд хэрэгжүүлж байна. Тэгвэл зам, тээврийн нэгдсэн систем нь долоон төслөөс бүрдэх бөгөөд үүнийг хэрэгжүүлэхээр 17 байгууллагын инженер, техникийн 140 ажилтан ажиллаж буй гэнэ.
“Дижитал хот”-ын төслүүдээс одоогоор хамгийн амжилттай хэрэгжүүлж байгаа систем нь онлайн бизнес төв аж. Энэ оны аравдугаар сарын 31 гэхэд уг төслийн хөгжүүлэлтийн явцыг дуусгаад, ирэх оны гуравдугаар сарын 30 гэхэд бүрэн нэвтрүүлэх төлөвлөгөөтэйг нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга Б.Давааням хэллээ.