Үерийн шалтгаанаар УБЦТС ТӨХК-иас зарим хэрэглэгчийн тогийг хязгаарлаад байна. Тодруулбал, хүчдэл сэргээх боломжгүй эрсдэлтэй буюу зоорийн давхарт нь ус орсон, усыг нь соруулж дууссаны дараа залгах боломжтой 23 дэд өртөө, орон сууцны 36 байрны 2195 хэрэглэгч байна. Эдгээр хэрэглэгчдийн байршлыг тодорхойлбол нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд 3, Баянзүрх дүүргийн 41-р хороонд 11, 6-р хороонд 1, Хан-Уул дүүргийн 15-р хороо “Рапид харш” хотхоны 8 байр, 2, 3, 10, 11-р хороонд 9, Баянгол дүүрэгт 8 байр бий. Борооны улмаас нийт 18 фидерт гэмтэл гарч, 27056 хэрэглэгч хүчдэлгүй байсныг бүгдийг сэргээж, өчигдрийн 08.00-20.00 цагийн хооронд ирсэн 790 дуудлагын 553-ыг барагдуулан ажиллажээ. Үер усны аюултай нөхцөлөөс шалтгаалан өнгөрсөн бямба гарагаас эхлэн нийт 55 дэд өртөөний 15052 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгааны хүчдэлээс таслаад байсан юм.