Манай улсын улаан буудайн 40-50, төмсний 20, хүнсний ногооны 35 хувийг бэлтгэдэг Сэлэнгэ аймгийн зарим сумд үерийн улмаас тариалангийн талбай усанд автсан байна. Тодруулбал, Мандал, Ерөө, Шаамар зэрэг долоон сумын төмс, хүнсний ногооны талбайн багагүй хувьд ус хуримтлагдан, таримал ургах аргагүйд хүрчээ. Энэ талаар дээрх аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөр “Зарим нутагт цочир хүйтэрсний улмаас улаан буудайн соёо мөндөрт цохиуллаа. Мөн олон хоног үргэлжлэн бороо орж буйгаас төмс, хүнсний ногооны талбай усанд автсан. Одоогоор хэдэн га талбайд хэр хохирол учирсан, цаашид ямар үр дагаварт хүргэх талаар тооцоолоогүй байна” гэв.
Улсын хэмжээнд бүх төрлийн таримлын ургалтын явц, цаг агаарын нөхцөлөөс шалтгаалж буй эрсдэлийн талаарх мэдээллийг салбарын яамнаас хараахан нэгтгээгүй бөгөөд ирэх сараас ургацын урьдчилсан төлөвийг танилцуулж эхлэх аж.