Өчигдөр Улаанбаатар хотод орсон борооны улмаас нийслэлийн 66 хорооны 195 барилга байгууламж, 59 гэр, байшин сууц, хашаа үерт өртөж иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгө, инженерийн байгууламжид эрсдэл үүссэн.
Өнөөдөр 12.30 цагийн байдлаар 111 байрны усыг соруулж дууссан бөгөөд 37 байрны усыг соруулах ажиллагаа үргэлжилж байна.
Түүнчлэн 52 байрны зоорийн давхрын усны хэмжээ бага тул иргэд, СӨХ хамтран усыг зөөвөрлөн хэвийн ажиллагааг хангасан.
ЦУОШГ-аас дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно гэж мэдээлж байна.
Иймд:
Орон сууцны хорооллын СӨХ хариуцсан барилга, хорооллын В1 давхарт ус орохоос сэргийлэн арга хэмжээ авах
Гэр хорооллын айл өрхүүд хашаа болон гэрт ус тогтохгүй байхаар усны урсгалыг аюулгүй урсаж өнгөрөх суваг шуудуу татах
Иргэд гудамж талбайд зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, анхаарал болгоомжтой байх
Ил гарсан цахилгааны утас, унаж болзошгүй шон тулгуур байвал өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, УБЦТС ТӨХК-ийн 24 цагийн үйл ажиллагаатай 7004-7004 дугаар болон https://www.facebook.com/ubedn хуудаст цаг алдалгүй мэдээлэх
Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн дэргэд тоглуулахгүй байх
Олон хоног бороо үргэлжлэн орж байгаагаас голын эрэг нурах, цөмрөх эрсдэлийг дагуулж байгаа тул гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх
Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна