УЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хэнтий нуруунаас усжих Туул, Сөгнөгөр, Улиастай, Хангай нурууны Идэр зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-45 см нэмэгдсэн байна. Хэнтий нуруунаас усжих Хараа гол /Дархан хот/, Ерөө /Ерөө сум/ Хэрлэн гол /Өндөрхаан сум/ орчимд үерийн түвшинг 5-45 см, Сэлбэ гол /Санзай, Дамбадаржаа/, Хангай нурууны арын Онги гол /Сайхан-Овоо/ Хөгшин-Орхон гол /Хархорин/ орчимд үерийн түвшинг 10-20 см тус тус давжээ. Хангай нуруунаас усжих Орхон гол /Орхонтуул/, Хэнтий нуруунаас эхтэй Туул гол /Лүн сум/, Сөгнөгөр гол, Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол /Ялалт баг/ орчимд үерийн аюултай түвшинг 20-30 см даван үерлэсэн хэвээр байна. Долдугаар сарын 25-нд Туул гол Алтанбулаг сум, Бэлтэс гол Баянзүрх сум орчмоор 10-45 см нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Мөн нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай бороо үргэлжлэн орох тул дээр дурьдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг дагуу бууж суурьшихгүй, баталгаатай гүүр гарамаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.