Монгол, БНХАУ-ын Засгийн газар хооронд 2018 онд байгуулсан “Говийн мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл”-ийн хүрээнд өмнөд хөршийн Ойн шинжлэх ухааны академийн судлаачдын баг манай оронд ажиллаж байна. Хоёр орны судлаачид төслийн үр дүнг хэлэлцэн дүгнээд мазаалайн амьдрах орчныг сайжруулахад анхаарах шаардлагатай хэмээн үзэж, энэ чиглэлээр тодорхой ажлууд хийхээр болжээ. Тодруулбал, мазаалайн амьдрах орчныг үнэлэх, Говийн их дархан цаазат газарт газар зүйн мэдээллийн систем байгуулах, тус амьтны идэш тэжээлийн хүртээмжийг судлан тогтоох, биологийн бусад төрөл, зүйлийн мониторинг хийх зэрэг ажлыг төлөвлөсөн байна. БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого, зохицуулалтын газрынхан судлаачдын багийг өнгөрсөн баасан гарагт хүлээн авч уулзаж, санал солилцжээ.