Богд хааны ордон музейг сэргээн засварлах ажил 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгааг Соёлын яамнаас мэдээллээ. Уг ажлыг энэ онд багтаан дуусгахаар төлөвлөжээ. Үүний хүрээнд Найдан, Бурхдын сүм, Лаврин сүмийн барилгыг хэсэгчлэн сэргээн засварлаж, хүчитгэж буй юм байна. Одоогоор Бурхдын сүмийн шалны дэр моднуудыг тавьж, шахахад бэлэн болгожээ.
Найдан сүмийн дээврийн ваарыг хуулж, шинээр тавихаар бэлдэж байгаа гэнэ. Музейг сэргээн засварлахын тулд Энэтхэг болон БНСУ-ын соёлын өв, уран барилга, архитектурын дурсгалыг засварладаг, олон улсын туршлагатай мэргэжилтнүүдийг урьж ажиллуулж байна. Түүнчлэн Монголын мэргэжилтнүүд ч хамтарсан аж. 120 гаруй жилийн настай энэхүү музей нь Монголын ууган бөгөөд хамгийн баялаг сан хөмрөг бүхий түүх, соёлын үл хөдлөх дурсгалт байгууламж юм. 1893-1903 оны хооронд барьсан тус музейд XVII-XX зууны үеийн Монголын хаант төр, шашин түүх, урлаг соёлын давтагдашгүй, хосгүй үнэт дурсгалуудыг хадгалж байна.
Ташрамд дурдахад, уг музейд хамгийн сүүлд 1961-1962 онд бүрэн хэмжээний засвар хийсэн. Сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд жижиг хэмжээний засвар хийж ирсэн гэнэ.
Бэлтгэсэн: Б.Үүрцайх