Нэгэн танил минь “Улаанбаатарт үер болсон нь цагаа оллоо. Монголчууд асуудалтайгаа нүүр тулах хэрэгтэй. Тэгж байж л түүнийг давах шийдлээ олно” гэж билээ. Түүний энэ үг сэтгэлд үлдэв. Ингэж хэлсэн нь үерийн үеэр хохирсон олон хүнд даажигнал, тохуурхал шиг сонсогдож магадгүй. Гэхдээ бодит нөхцөл байдалтайгаа уялдуулан харвал энэ нь тийм ч хатуу тусахгүй болов уу. Замбараагүй төлөвлөлт, хууль бус газар олголт хэрээс хэтэрч, тэр хэмжээгээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломж нөхцөл өдрөөс өдөрт хумигдаж, байгаль орчин, экосистемийн тэнцвэрт байдал улам доголдсоор байгааг нийслэлчүүд сүүлийн жилүүдэд хөндөхөөрөө нэг болсон. Харамсалтай нь, бодлого, шийдвэр гаргах түвшний хүмүүс, нийслэлийн удирдлагууд тэдний үгийг хүлээж авдаггүй, үйл хэрэгтээ тусгадаггүй, “хашхирааныг нь” сонсдоггүй юм.
...Ерөөс бид ажлаа мэддэг, аюул, эрсдэлээ тооцоолдог хүмүүсийнхээ үгийг сонсдоггүй, өмнөх үйл явдлаасаа сургамж авдаггүй ард түмэн аж. Ийм дутагдлынхаа шийтгэлийг энэ удаа жинтэйхэн шиг хүртэв...
Инженер, архитектор, усны салбарын судлаач, мэргэжилтнүүд хүртэл гол дагасан төвлөрөлтэй суурин газар нэг талаараа азтай ч нөгөөтээгүүр хамгийн их эрсдэлтэй байдаг, иймд хот төлөвлөлтдөө онцгой анхаарах ёстой, байгалийн жам ёсоор тодорхой давтамжит цаг хугацаанд болдог эрсдэлийг тооцоолж, төлөвлөгөөтэй, бэлтгэлтэй байх учиртай хэмээн улиг болтол ярьж, анхааруулга, сэрэмжлүүлэг бишгүй лөгсөн. Жишээ дурдахад, техникийн ухааны доктор, усны зөвлөх инженер Ц.Сосорбарам, ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, усны инженер, доктор Б.Аюурзана зэрэг салбартаа танигдсан судлаачид 3-5 жилийн өмнө л энэ зуны үерийн эрсдэлийг “зөгнөж,” анхааруулж байсан юм билээ. Даанч тэдний үгийг үг гэж хүлээж авч, эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ эрт аваагүй учраас энэ зун хотоороо усанд автаж, иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө үлэмж хохирлоо. Зам, талбай усанд автаж, гол болон үерлэх тоолонд, үүнээс болж иргэд ямар нэг байдлаар хохирох бүрт ус зайлуулах шугам сүлжээг сайжруулах, өргөтгөн шинэчлэх асуудлыг сөхөж ирсэн ч үүний мөрөөр үр дүнтэй ажил хийгээгүй учраас л 2023 онд хот, хөдөөгүй үерт өртлөө. Ерөөс бид ажлаа мэддэг, аюул, эрсдэлээ тооцоолдог хүмүүсийнхээ үгийг сонсдоггүй, өмнөх үйл явдлаасаа сургамж авдаггүй ард түмэн аж. Ийм дутагдлынхаа шийтгэлийг энэ удаа жинтэйхэн шиг хүртэв. Цаашид үүнээс ч их хэмжээний хохирол амсахгүйн тулд, шиврэх төдий бороонд улс нийтээрээ зутардаггүй болохын төлөө одооноос асуудалтайгаа нүүр тулж, дорвитой, бодитой арга хэмжээ авах шаардлага тулгарч байна. Нийслэл төдийгүй орон нутгийнхны хувьд ч ялгаагүй.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг агаарын аюулт үзэгдлийн үед иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, хохирсон бол яаралтай эрсдэлийн үнэлгээ хийх хариу арга хэмжээний төлөвлөгөөг цаг алдалгүй боловсруулж, Засгийн газарт танилцуулахыг Шадар сайдад даалгаад буй. Түүнчлэн өнөөдрийн ийм нөхцөлд хүргэсэн, тодруулбал, Сэлбэ голын ай сав, хамгаалалтын бүсэд халдаж, үерийн далан, суваг таглан барилга, байгууламж барьсан, тэдэнд зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээдээс олон нийтэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг прокурорын байгууллагад гаргасны дагуу өдгөө хяналт шалгалтын ажил үргэлжилж байгаа. Сэлбийн хөвөөнд барьсан “Авлига” хорооллыг нураах тухай яриа олон нийтийн дунд тархмагц зарим нь “Аж ахуйн нэгжүүдээ арай ч ингэж хохироож болохгүй. Тэдэнд тусгай зөвшөөрөл өгсөн албан тушаалтнуудад л хариуцлага тооцох ёстой” гэхчлэн уянгын халилтай зүйл ярьж, барилга барьсан компанийг өмөөрч эхлэв. Энэ бол аль нэг талыг өмөөрч, нөгөөг нь буруутгаад өнгөрөх хэрэг огт биш. Барилга барих боломжгүй, тохиромжгүй газар гэдгийг мэдсээр байж зөвшөөрөл авсан, өгсөн аль алиных нь буруу. Харин ч иргэдэд учирч болох эрсдэлийг мэдсээр байж, хар цэг болсон газарт санаатайгаар орон сууц барьж, нийслэлчүүдийг хохироох нөхцөл бүрдүүлсэн гэдгээрээ барилгын компанийнхан илүү буруудаж ч мэдэх юм. Энэ нь хууль бус газар олголтод хариуцлага тооцох жишиг, бусад аж ахуйн нэгжид өгч буй сануулга, илүү олон хүнийг хохирохоос хамгаалах арга зам гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс нийслэлчүүдийг хожмын эрсдэлээс хамгаалахын тулд инженер Б.Аюурзанын хэлсэнчлэн Сэлбийн орон зайд халдаж, голдирлоороо урсах боломжийг нь хаасан хүн бүрт хариуцлага тооцох ёстой. Үерээс үлдсэн хамгийн том сургамж нь энэ болог. Ингээд зогсохгүй цаг алдалгүй хийх, шийдэх шаардлагатай ажлуудаа ч урагшлуулах хэрэгтэй.
Авто зам дагуух ус зайлуулах шугам сүлжээг өргөтгөж, стандартад нийцүүлэх, чанар, аюулгүй байдлын шаардлага хангадаггүй гүүр, гүүрэн байгууламжуудаа шинэчлэх, голын ай сав, хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх, 50 гаруй жилийн насжилттай үерийн далан (Туул, Сэлбийнх)-гаа одоогийн нөхцөлд тохируулан шинээр байгуулах хэрэгцээ шаардлага хоолойд тулаад байна. Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Туул, Сэлбэ голын онцгой хамгаалалтын бүс болох 245 га талбай дахь 734 барилга, байгууламжийн судалгааг гаргаж, үерийн эрсдэлтэй цэгүүдийг тодорхойлон, усны урсгалыг удаашруулдаг зам, гүүр, далан, шуудууг тогтоож, гамшиг тохиосон үед шороо, элс зөөх маршрутын схем гаргалаа. Үүний үр дүнд 89 барилгад чанар, аюулгүй байдлын буюу эрсдэлийн үнэлгээ хийж, Сэлбэ, Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд цаашид барихаар төлөвлөсөн барилгуудыг хязгаарлахаар боллоо” гэсэн юм. Нийслэлийнхэн энэ бүх ажлаа ярьсныхаа дагуу шуурхай хийгээсэй билээ. Яг одоогоор бол үнэлгээ, тооцоо, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх зэрэг учирсан хохирлыг арилгах ажлууд үргэлжилж байгаа ч үерээс сэргийлэх чиглэлээр дорвитой хэрэгжүүлж буй зүйл алга. Наанадаж л борооны улмаас эвдэрсэн зам, замын байгууламжуудаа бүрэн засаж шинэчлээгүй, яаралтай буулгах шаардлагатай гэж танилцуулсан гүүрүүдээ нураагаагүй, явган хүний зам хааж овоолсон шороонуудаа ч зөөгөөгүй ундуй сундуй байна. Наадмын дараа намар, өвөл, үер усны аюул намжчихсан гээд санаа амарчихсан, ирэх зуныг ч ийм байдалтай угтах юм биш байгаа гэсэн болгоомжлол, зовнил төрөх болов. Бид өнгөрсөн хугацаанд энэ асуудалд яг л ийм байдлаар хайхрамжгүй хандаж ирсэн билээ.
Манай улс гамшгаас хамгаалах хуультай. Үүнд тусгасны дагуу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд болгон гамшгийн эрсдэлийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн байх ёстой. Эл хуулиар Монгол оронд зонхилон тохиолдох 17 төрлийн гамшгийг тодорхойлсон бөгөөд үүнээс зайлшгүй хийлгэх ёстой таван төрлийн үнэлгээний нэгд үерийнх багтдаг аж. Хуульд тусгасанчлан нийслэлд үерийн эрсдэлийн үнэлгээг тогтмол хийдэг, үүнд тулгуурлан боловсруулан төлөвлөгөө, ажлын зураг бий. Түүнчлэн Улаанбаатарын үерийн хамгаалалт, борооны ус зайлуулах системийг 2040 он хүртэл яаж төлөвлөхийг тусгасан мастер төлөвлөгөө хүртэл боловсруулсан байдаг бөгөөд үүний хүрээнд ч аюулын зураглал, эрсдэлийн үнэлгээ хийжээ. Гэвч эдгээрийг цаасан дээрээс бодит ажил болгох чиглэлд хангалттай анхаардаггүйг инженерүүд хөндөж байна. Улсын онцгой комисс, ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газар, Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төв, Гамшиг судлалын хүрээлэн зэрэг болзошгүй аюул, гамшгаас иргэдийг хамгаалах үүрэгтэй цөөнгүй байгууллага, бүтэц бий ч эрсдэлийг удирдах, эмзэг байдлыг бууруулах чиглэлээр үр дүнтэй ажиллаж чадаж байна уу гэвэл эргэлзээтэй. Сүүлийн жилүүдэд монголчуудыг сандаргасан “Ковид-19” цар тахал, үер, ган, зудын нөхцөл байдлаас энэ нь тод харагдаж байна. Үерийн эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, судлаач, мэргэжилтнүүдээ сонсох цаг нь болжээ.
Манайх усны нөөц багатай орны тоонд ордог боловч хур тунадас хуримтлуулах байгууламжгүйгээс бүтэн нэг жил хэрэглэх хэмжээний нөөцөө энэ сарын эхэнд болсон үерийн үеэр хий дэмий урсгаж алдсаныг “Усны төлөө иргэдийн нэгдэл“ төрийн бус байгууллагын тэргүүн, судлаач З.Батбаяр халаглан өгүүлж буй бол Улсын барилгын зургийн төв институтээ татан буулгаж, салбарын үнэ цэнтэй, чадварлаг мэргэжилтнүүдээ устгасныхаа горыг эл өдрүүдэд монголчууд нийтээрээ амсаж байгааг зөвлөх архитектор Ж.Алтансүх анхааруулав. Сургамж болгож авах, цаашдын үйл ажиллагаандаа тусгах чухал мессежүүд “эздэдээ” хүрээсэй билээ.