Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох бүтээн байгуулалт хийж, туннель байгуулах барилгын ажил эхэллээ. Уг төслийн хүрээнд нийт 3.9 км урттай, зургаан эгнээ авто зам тавьж, таван туннель барихаар төлөвлөжээ. Үүнээс Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд 18 метр урт, 5.3 метр өндөр, 13 метр өргөнтэй туннелийн барилгын ажил эхлээд байна. Тиймээс тус хорооны гэр хороолол дахь холбоос замыг долоодугаар сарын 23-ны 07:00 цагаас есдүгээр сарын 15-ны 06:00 цаг хүртэл бүтэн хааж, явган зорчигч, тээврийн хэрэгслийг түр замаар зорчуулж байна. Дээрх байршилд 1600 өрх амьдардаг бөгөөд зам хаах талаар оршин суугчдад мэдээлэл хүргүүлж, зорчих замыг тэмдэглэн зааж өгчээ.