Богдхан уулын дархан цаазат газар болон Нийслэлийн суурьшлын бүсэд бамбай хоншоорт могой ихээр үзэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна. Мөн иргэд, олон нийт та бүхэн амралт, зугаалгаар явахдаа анхаарал болгоомжтой байж, болзошгүй эрсдэлээс өөрсдийгөө сэргийлээрэй. Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт он гарснаас хойш 11 хүн тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс долоо нь 0-17 насны хүүхэд, тасагт хэвтэн эмчлүүлсэн хоёр иргэн байна.
Ялангуяа, нийслэлийн нутаг дэвсгэрт бамбай хоншоорт буюу хорт, мөн рашааны могой буюу хоргүй могой тархсан байдаг. Он гарснаас хойш зэрлэг амьтадтай холбоотой 24 удаагийн дуудлага хүлээн авснаас 15 нь хортой буюу бамбайн хоншоорт могойн талаарх дуудлага байсан. Ийм төрлийн дуудлага жил бүрийн долоодугаар сараас есдүгээр сарын сүүл хүртэл буюу могойны идэвхжилийн үеэр нэмэгддэг байна.