МУИС-ийн Ойн экосистемийн мониторингийн лабораторийн хамт олны хамтарсан судалгааны үр дүн 2023 оны долоодугаар сарын 10-ны өдөр “NATURE” Communications Earth & Environment сэтгүүлд хэвлэгдэн гарчээ. Энэхүү судалгаа нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй зуны улиралд хэт халалт нь модлог ургамлын фотосинтез явуулах үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгааг судаллаа. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж зуны улирлын агаарын температур нэмэгдэж хэт халалтын давтамж, эрчим хоёр өсөж байгаа бөгөөд Монгол оронд 21-р зууны турш энэ дулаарлын үзэгдэл дэлхийн дунджаас гурав дахин хурдтай явагдана гэсэн үр дүн гарчээ.
Хэт халалт нь ургамлын фотосинтезийн явуулдаг аппарат буюу хлорофиллийг гэмтээн аажмаар ургамлыг мөхөлд хүргэдэг аж. Туршилтыг Монгол орны ойн сангийн гол бүрэлдэхүүн болох сибирь шинэс (Larix sibirica), ойт хээрийн бүсийн холимог ойн үндсэн бүрэлдэхүүн болох хавтаг навчит хус (Betula platyphylla), Одой хайлаас (Ulmus pumila), улиангар (Populus terumoiledes) болон татмын ойн төлөөлөл болгон бургас (Salix spp) гэсэн таван зүйл дээр хийжээ.
Туршилтыг хийхдээ дэлхийн дулаарлын нөлөөгөөр 2100 он гэхэд дэлхийн дундаж температур 2.6°С, 4.5°С, 7°С болон 8.5°С өснө гэсэн дөрвөн төрлийн загварчлал дээр үндэслэн дээрх таван зүйлийн модлог ургамлуудын фотосинтезийн эрчим хэрхэн өөрчлөгдөхийг цахилгаан дамжуулах хурдаар нь хэмжсэн байна.
Үр дүнг тоймлон харахад зуны 2-3 өдрийн турш үргэлжлэх 37-48°С хүртэлх хэт халалт нь шинэс модны фотосинтезийн чадварыг алдуулж, нүүрстөрөгч шингээх процессыг зогсоож байгааг тодорхойлжээ. Энэ нь дэлхийн дулаарлаас болж дэлхийн сэрүүн бүсэд ой бүхий газар тэлж ургана гэсэн таамаглал буруу болохыг баталснаас гадна Монгол орны ойн 80 хувь бүрдүүлэгч шинэс мод хэт халалтаас болж аажмаар тархац нутаг нь хумигдан устаж алга болох аюул нүүрлэж байгааг анхааруулжээ.