Манай улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ой зохион байгуулах, хамгаалах, хортон шавж устгах ажлыг энэ оноос өргөн хүрээнд зохион байгуулж буй. Дархан-Уул аймгийн хэмжээнд гэхэд улсын төсвийн хөрөнгөөр 82 мянган га талбайд ой зохион байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, “Аглаг ой”, “Мөнхжаргалан ой” ХХК, тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран техникийн зөвлөгөөн зохион байгуулсан байна. Дээрх хоёр ойн мэргэжлийн компани ирэх есдүгээр сарын 15-ны дотор тооллого, судалгаа хийж, арванхоёрдугаар сарын 15 гэхэд үр дүнг нь нэгтгэх аж. Үүний дараа ой зохион байгуулалтыг хэрхэн хийх төлөвлөгөөг гаргах нь.
Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар “Байгаль орчны тогтвортой хөгжлийн санаачилга” төрийн бус байгууллагатай хамтран хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох тоймчилсон судалгааг энэ өдрүүдэд хийгээд буй бол Хэнтийнхэн ойн мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.