Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийнхөн Хэнтий аймгийн нутаг дахь Хурх, Хүйтний хөндийд 2014 оноос хойш экологийн мониторинг судалгаа хийж ирсэн билээ. Уг судалгааны ажил нь биологийн олон янз байдлаар нэн баялагт тооцогддог ус, намгархаг газрын экосистемд уур амьсгалын өөрчлөлт, мал хэрхэн нөлөөлж байгааг урт хугацаанд хянаж, тогтоох үндсэн зорилготой юм. Судлаачид Хурхын экологийн сууринд төсөл хэрэгжүүлж эхэлсэн үеэсээ их, дээд сургуулийн бакалавр, магистрын түвшний оюутнуудыг хээрийн судалгаанд дадлагажигчаар хамруулж, чадавхжуулж ирсэн юм. Тэгвэл өнөө жил хамрагдах сайн дурын ажилтнуудыг бүртгэж эхэлжээ. Байгаль орчны салбарт ажиллах хүсэлтэй, энэ чиглэлээр их, дээд сургуульд суралцдаг оюутнууд bayarmaa@wscc.org.mn цахим хаягаар танилцуулга, мэдээллээ илгээснээр шалгаруулалтад оролцох боломжтой гэнэ. Экологичидтой баг болон ажилласнаар хээрийн судалгааны туршлага хуримтлуулах, мэргэжлийн судлаачдын мэдлэг, ур чадвараас хуваалцах, туршлагадаа үндэслэн эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, байгаль орчны чиглэлээр тэтгэлэгт хамрагдах, олон улсын сайн дурынхантай хамтран ажиллах боломжтой гэнэ.