Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Харзаг багт долдугаар сарын 19-ний өдрийн 19:20-20:20 цагийн хооронд аадар бороо орсны улмаас үер бууж 3 айлын гэр, хашаанд ус оржээ. Тус сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж шуудуу ухаж усыг зайлуулсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүллээ. Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Гашуун сухайт гэдэг газар долдугаар сарын 20-ны өдрийн 18:00-20:00 цагийн хооронд аадар бороо орсны улмаас үер бууж 8 айлын нийтийн байр усанд автжээ. Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн нэг алба хаагчид ажиллаж усыг соруулан гадагшлуулж, 18 хүн (үүнээс 8 хүүхэд)-ийн аюулгүй байдлыг хангасан, мөн байрны гадна зогсоолд байсан 4 автомашиныг уснаас татаж гаргасан тухай мэдээллийг Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн жижүүр аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.