Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс болон гараашуудыг буулгах, тохижуулах, цаашид авах арга хэмжээний тухай Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар танилцууллаа. Төвийн зургаан дүүргийн хэмжээнд 111 байршилд 8771 метр урт хашаа буулгахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар 88 байршилд 6917 метр урт хашаа, хайс буулгаж, захирамжийн хэрэгжилт 80 хувьтай байна. Мөн энэ онд 132 байршилд 2355 гарааш чөлөөлөхөөс 81 байршилд 1297 гарааш чөлөөлж, ажлын явц 50 хувьтай байгаа юм. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, газар чөлөөлсөн байршлуудад тохижилтын ажлыг эрчимжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.