ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн физик газар зүй, орчин судлалын салбарын судлаачид БШУЯ, Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр Монгол орны баруун бүсийн аймгуудад ландшафт, геоморфологийн суурь судалгаа хийжээ. Тэд цуглуулсан мэдээлэл, хиймэл дагуулын өгөгдлүүдээ ашиглан Алтай, Хангайн уулархаг бүс нутгийн геоморфологи, ландшафтуудыг бүрэлдүүлэгч байгалийн элементүүдийн төлөв байдал, хүний үйл ажиллагааны нөлөөллийг тусгасан дунд масштабын цуврал зураг боловсруулах аж. Ингэснээр бусад салбар шинжлэх ухаанд суурь материал болон ашиглагдах хэрэглэгдэхүүн бий болгож, мэдээллийн сан бүрдүүлэх ач холбогдолтой гэнэ.
Судлаачид Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн 30 орчим сумын нутагт 7000 км зам туулан ажиллахдаа өндөрлөг уулс, нуруудын хоорондох хөндий, томоохон хотгоруудыг зураг болон дүрс бичлэгээр баримтжуулж, танин мэдэхүйн каталог, мэдээллийн сангийн эх үүсвэр бүрдүүлжээ.
Бэлтгэсэн: Н.Мишээл