Өвөлжилтийн бэлтгэл хангах урсгал засвар, тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхдээ иргэдэд чирэгдэл, саад учруулахгүйгээр зохион байгуулахаа Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлж байв. Гэсэн ч бодит байдалд явган зорчигчдод ээлгүй нийслэл гэдэг нь өдрөөс өдөрт батлагдаж, тэр хэрээрээ иргэдийг бухимдуулах боллоо. Хаа сайгүй хашаа хатгаж, “Дулааны шугам солих ажил явагдаж байна” гэх бичиг наажээ. Зуны дэлгэр цагтай уралдан эвдэрсэн зам, дулааны шугам засварлах зайлшгүй шаардлагатай ч ядаж таван жилийн “настай” байж болдоггүй юм байхдаа гэж иргэд ярьдаг. Арай гэж өвлийн утаанаас салаад урин дулаан цагтай золготол энд тэндгүй ухсан нүх, энхэл донхол зам, халуун усаа хязгаарлуулснаас болж бухимдсан иргэд. Ийм байдлаасаа хэзээ нэг ангижрах болдоо.
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД ЭРС ЦӨӨРЧЭЭ
Дэлхийн банкны санхүүжилтээр Бага тойруу орчмын дулааны шугамыг шинэчлэх ажил эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийн зүүн, баруун тийш үргэлжилсэн дулааны шугам солих ажлын явц нэлээд удааширч байна. Шугам сольж буй ажилчид “Хэзээ дуусахыг мэдэхгүй” гэсэн хариулт өгч буй юм. Тавдугаар сарын 20-ноос эхэлсэн шугам солих ажил есдүгээр сарын 1 хүртэл үргэлжлэх тухай ч иргэд ярьж байлаа. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандоржоос тодруулахад “Наймдугаар сарын 1, 2-нд дулааны шугамаа холбож дуусгана. Наадмын өдрүүдэд иргэд хөдөө явах үеийг тааруулж, уулзвар, гол төв замыг сэтэлж, шугамаа хийсэн. Шугам холбоод дуусахаар гэрлэн дохио ч ажиллана. Өмнөх жилүүдэд дулаан дамжуулах шугам сүлжээг засах ажлыг ирэх оны өвлийн бэлтгэлийн хүрээнд л хийдэг байсан. Тэгвэл энэ жил 19 байршилд иж бүрэн засвар хийхээс 15-ыг нь эхлээд, зарим шугамаа холбох гэж байна. Бага тойруу орчмын дулааны шугамыг шинэчлэх ажлыг хоёр компани гүйцэтгэж байгаа” гэлээ.
Ямартай ч хамгийн их асуудалтай нь Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийн орц, гарц байсан бөгөөд наймдугаар сарын 2 гэхэд хэвийн болох аж. Тус гудамжинд үйл ажиллагаа эрхэлдэг “Дүүхээ” дэлгүүрийн худалдагч “Манай хэнд 15 жил үйл ажиллагаа явуулсан болохоор мэддэг хүмүүс нь зориод ирж байна. Мэдэхгүй хүмүүс зам хаасан учраас ажиллахгүй байгаа гэж боддог бололтой. Үйлчлүүлэгчид цөөн байна” гэлээ. Цэцгийн үр, бордоо зардаг дэлгүүрийн ашиг орлого эрс багасжээ. Зургадугаар сараас үйл ажиллагаа нь идэвхэждэгт ус дэлгүүрийн урдах замыг хааснаас үйлчлүүлэгчид тун цөөн болсон аж. Кофе шопын бариста ганц ч үйлчлүүлэгч үгүй утсаа оролдон сууна. Автомашины замыг хаагаагүй, хөдөлгөөнд саад учруулаагүй мэт боловч явган зорчигчид, ойр хавийн худалдаа эрхлэгчдэд хүндрэлтэй байгаа тухай тэд ярьж байна.
Мөн СУИС, “Новотел” зочид буудлын уулзварын гэрлэн дохио ажиллахгүй уджээ. Ойр хавийн оршин суугч, өндөр настан, бага насны хүүхдүүд уулзвараар зам гарах хамгийн хэцүү байгаа тухай ч өгүүллээ. Энэ бүх хүндрэлтэй асуудал наймдугаар сарын 2 гэхэд дуусгавар болох тухай дээрх албаны хүн баталж байна.
ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫГ БҮГДИЙГ НЬ УХААГҮЙ
Бас ч гэж Бага тойруу орчмын дулааны шугамыг шинэчлэх ажлын хүрээнд явган зорчигчоо ор тас “мартсангүй”. Тэдэнд зориулж түр гүүр гаргаж, дэлгүүр, зоогийн газар, үйлчилгээний төвийн өмнөх явган хүний замыг сэтлэлгүй үлдээжээ. Хамгаалалтын хашааны дэргэд үүр явж буй иргэд машинтай шүргэлцэх нь холгүй байх юм. Уг нь зүүн талд нь нарийхан ч гэлээ явган хүний зам байв. Түүнчлэн явган хүний зам нь зарим хэсэгтээ эвдэрсэн, голд нь шон босгосон, барилгын хашаа тагласан, цахилгааны утас унжсан, борооны тогтоол усыг тойрч гарахдаа автомашинтай шүргэлцэх гээд явган зорчигчдод ээлгүй хот гэдэгтэй иргэд санал нэг байна.
379.5 КМ НЬ ДУЛААН ДАМЖУУЛАХ ШУГАМ
Олон улсад явган хүний зам хамгийн багадаа 1.5 метр өргөн байх ёстой гэсэн стандарттай ч нийслэлд ийм хэмжээтэй зам тун цөөн. Манай улсад явган хүний зам тавихад мөрдөх шаардлагатай стандартууд байдаг ч зөвхөн цаасан дээр л “хэрэгждэг”. Тодруулбал, нийслэлийн ИТХ-ын 2022 оны 21 дүгээр тогтоолоор явган хүний зам, талбайн төлөвлөлт, хучилт, угсралтад тавих ерөнхий шаардлагыг баталсан байдаг. Үүнд нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй, амьдрах эрхийг хангахад чиглэсэн “Иж бүрэн гудамж бүлэг”-т хамаарах стандартууд багтжээ. Энэ стандартын дагуу ямартай ч ХӨСҮТ-ийн урдах, “Аман хуур-2” хотхоны арын автобусны буудалд байрлаж байсан ТҮЦ-ийг нүүлгэж, автобусны зогсоолыг сайжруулж, гэрлэн дохио хүртэл явган хүний зам тавьсанд иргэд талархаж буйг ч энд дурдах нь зүйтэй болов уу. Харин МУБИС, Спортын төв ордны урдах, “Цэцэг” төвийн уулзвараас хойшоо дулааны шугам солих ажил явган зорчигчдод тун хүндрэлтэй байгаа.
Мөн л наймдугаар сарын 2-нд шугам тавьж дуусгана хэмээн хариуцсан албаныхан хэллээ. Жил бүр авто зам, явган хүний замын шинэчлэлт арчлалтын ажлыг хийхдээ явган зорчигчоо “мартдаг”-аа хэзээ болих бол. Нийслэлийн ус, дулаан дамжуулах шугам сүлжээнээс 379.5 км нь дулаан дамжуулдаг аж. Харин эдгээрийн 60 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 27.1 км дулааны шугам сүлжээ засах юм. Үүнээс 30, 40 жил болсон дулааны шугам сүлжээтэй Бага тойруу буюу МУБИС-иас СУИС-ийн урдуур “Цэцэг” төв хүртэл, Жамьян гүний гудамж буюу Төв номын сангаас “Блью скай”-ийн урдуур МУБИС хүртэл, III, IV хорооллын эцэс зэрэг 30 гаруй км замыгиж бүрэн шинэчилж буй юм. Эдгээр нь иргэд ихээр зорчдог төв замууд болохоор явган зорчигчдод “халгаатай” байна.