Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2,3,4,12,13 дугаар багууд /сумын төвд/ 07.18-ны өдрийн 22.40 цагаас 23.00 цагийн хооронд түр зуурын усархаг бороо орсон.
Үүний улмаас Их булан, Бөхөн-Уул, Цагаан-Эрэг, Ногоон багийн зарим айл өрхүүд усанд автсан тухай дуудлагыг 07.18-ны өдрийн 23.00 цагт хүлээн авсан Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Өлгий сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж байна.
Үерийн усанд нийт 5 багийн 210 өрхийн гэр, байшин автсан бөгөөд 07.19-ний өдрийн 23.00 цагийн байдлаар тусламж шаардлагатай байсан 54 өрхийн 145 иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, усанд автсан 40 гэр, байшингийн 597 тн орчим усыг соруулж аюулгүй болгосон. Мөн 16 метрийн урттай хамгаалалтын даланг байгуулж, 5 байршилд 6 метрийн гүнтэй нүх ухаж усыг газарт нь шингээх ажиллагааг зохион байгуулаад байна. Өнөөдөр буюу 07.20-ны өдөр үерийн усаар орж ирсэн лаг шавруудыг цэвэрлэх, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулна.