Баяр наадамтай холбогдуулан манай орныг зорих жуулчдын тоо нэмэгдсэн байна. Энэ сар гарснаас хойш 43 925 жуулчин хүлээн авчээ. Ингэснээр манай улс энэ жил нэг өдөрт 4839 жуулчин хүлээж авахаар тооцолсон зорилтынхоо 65 хувийг гүйцэтгэсэн байна. Харин долдугаар сард 150 мянган жуулчин хүлээж авахаар төлөвлөснөөс одоогоор 29.3 хувийг нь биелүүлжээ. Жуулчдын дийлэнх нь Европ болон Зүүн Ази, Номхон далайн бүс нутгаас иржээ. Улсаар нь ангилбал Оросоос хамгийн олон буюу нийт жуулчны 44.1 хувь нь зочилжээ. Үүний дараа БНХАУ, БНСУ, Казахстан, Япон зэрэг орны жуулчид орж байна. Мөн зорчигчдын 42.8 хувь буюу 125 308 иргэн “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар дамжин ирсэн аж.
Бэлтгэсэн: Б.Үүр