Иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэхээр энэ онд гэр хорооллын 16 байршилд тохижилт, ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон. Үүний хүрээнд 11 байршилд тохижилтын ажлыг нь эхлүүлсэн бөгөөд баяр наадмаас өмнө дуусгах тухай нийслэлийн холбогдох албаныхан мэдээлж байлаа. Бичил цэцэрлэгт хүрээлэнгүүдийн ажлын явц ямар байгааг бид сурвалжиллаа.
АГААР САЙХАНТАЙ ОЛОН УЛСЫН ЭКО ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН
Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо буюу Хужир буланд байгуулж буй олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнг эхэлж зорив. Агаар нь сайхан ч бүтээн байгуулалтын ажил эхлээгүй, ажин түжин. Ямартай ч хашаа хатгаад, угтах хэсэг, олон нийтийн бүс, ногоон технологи, ногоон бүс гэсэн дөрвөн хэсгээс бүрдэх тохижилтын ажлын самбар байршуулжээ. Хоёр эгнээ мод тарих бололтой. Эхний эгнээний моддыг суулгаад, хоёр дахиднь суулгах нүхийг нь ухаад орхижээ. Нүдэнд харагдаж, гарт баригдахуйц бүтээн байгуулалт өөр алга. Харин цааш нэлээд яваад нэг овоо байх юм. Малын яс, машины дугуй, таяг гээд мухар сүсгийг илэрхийлсэн зүйлс арвин. Бүтээн байгуулалт эхлэхээр цэвэрлэх байлгүй гэсэн бодол төрсөн юм.
Төлөвлөгөө ёсоор байгуулах аваас Хужирбулан, Улиастайгаас эхлээд зүүн бүсийнхэн амралт чөлөөт цагаа өнгөрөөх гоё хүрээлэнтэй болох нь. Тодруулбал, усан оргилуур, төөрдөг ногоон байгууламж, шөнийн гэрэлт гудамж, хөлбөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөг, агаар, газрын теннисний талбай, амралт, зугаалгын ногоон бүс гээд цэцэрлэгт хүрээлэнд байх ёстой бүхий л зүйл бүрдэх нь. Цаашлаад ахмад настанд зориулсан талбай ч байгуулах гэнэ. Цаасан дээрх нь амьдралд хэрэгжих аваас агаар сайхантай, “Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн” гэх нэрэндээ ч тохирох аж.
“2022 оноос Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас “Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн” ОНӨҮГ-ыг байгуулж, төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах, ундны усны эх үүсвэрийг хамгаалах, Туул голын ай сав газрыг цэцэрлэгжүүлэх, нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх цогц орчныг бүрдүүлэхээр 2040 он хүртэл дөрвөн үе шаттайгаар уг төслийг хэрэгжүүлэх юм. Түүнчлэн дэлхийн энх тайвны үзэл санааг илтгэж, улс хоорондын найрсаг харилцааг бэлгэдэх бүс нутгийн жишиг цэцэрлэгт хүрээлэн болох юм” гэж “Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн” ОНӨҮГ-ын захирал Н.Нямхүү ярив. Мөн түүнээс бүтээн байгуулалтын ажил нь хэзээ эхлэхийг лавлахад “Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ 80, техник эдийн засгийн үндэслэл 70, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 90, хамгаалалтын хашаа 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Ногоон байгууламжийн хүрээнд ургамлан хашлага хэлбэрээр 9835, 288 ширхэг нарс тариад байгаа. Мод үржүүлгийн ажлыг эхлүүлсэн. Явган хүний болон дугуйн зам, төв талбайг хийх компани шалгарсан” гэлээ.
НОГООН БАЙГУУЛАМЖ УС, АГААР МЭТ ХЭРЭГТЭЙ
Хүрээлэн буй орчин, гадаад үзэмжийг сайжруулах, байгалийг санагдуулах орчинд иргэдийн нийтээр амрах, зугаалах, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хотын ногоон байгууламжийг байгуулдаг болсон. Харин манайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж гэхээр ажиллах, үгүй нь тодорхойгүй усан оргилуур, хэдэн хөшөө босгочихдог нь түгээмэл. Нийслэлд хот төлөвлөлт алдагдаж, уулын орой байсан ч иргэд хашаа хатгаад, гэр барьчихна. Нэгэнт төлөвлөлт байхгүй гэр хороолол дунд ногоон байгууламж бий болгохоор зорьж, хэрэгжүүлж буй нь сайн хэрэг. Зөвхөн гэр хороолол гэлтгүй орон сууцын дунд ч бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах хэрэгцээ, шаардлага бий. Баянгол дүүргийн 22 дугаар хороонд байгуулах бичил хүрээлэнгийн газар нь тэгш биш, уул учраас наадмын өмнө шороо асгаж тэгшилсэн тухай тус хорооны Засаг дарга С.Баярчимэг ярилаа. Тэрбээр “Иргэд сул орон зайг андахгүй, хог асгаад, хогийн цэг болгочихно. Яаж ч учирлаж хэлээд, цэвэрлээд нэмэргүй байсныг ашгүй нийслэлээс ногоон байгууламж бий болгохоор шийдвэрлэсэн” гэсэн юм. Гэвч хэзээ бүтээн байгуулалт нь эхэлж, иргэдэд амрах таатай орчин бүрдэх нь тодорхойгүй. Нийслэлд суурьших иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр байгаль орчинд сөргөөр нөлөөлөх нь ихсэж, усыг гамгүй хэрэглэх, модыг их хэмжээгээр тайрах, хүрээлэн буй орчин, хөрс, агаарыг бохирдуулах зэргээр хүлэмжийн хийн ялгаруулалт нэмэгдсээр байгаа. Экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, алдагдуулахгүй байхад ногоон байгууламжууд ус, агаар мэт хэрэгтэй. Түүнчлэн тарьсан мод, сөөгний тоогоор биш, бичил цэцэрлэгжилт үүсгэх байдлаар тэдгээрийг нягт шигүү суулгах нь чухал аж.
“БАЯНХОШУУ”-НЫХ 82 ХУВЬТАЙ БАЙНА
Нийслэлийн ЗДТГ, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийн Сонгинохайрхан дүүргийн ес, 24 дүгээр хороонд байгуулж буй “Баянхошуу” цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явц 82 хувьтай байна. Өчигдөр ажил нь ид өрнөж, 60 машины авто зогсоол байгуулахаар газрыг нь тэгшилж байлаа. 2.2 га талбайд хийж буй бүтээн байгуулалтад усан толио, нийтийн бие засах газар хоёр, дугуйн болон явган хүний зам, хүндэтгэлийн тайз зэргийг багтаажээ. Эдгээрийг арваннэгдүгээр сард хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй гэнэ. “Төслийн үйл ажиллагаа 2020 онд эхэлсэн ч цар тахал, санхүүжилтээс болж ажил удааширсан. Гэсэн ч бид хийсээр 82 хувьд хүргээд байна. Сонгинохайрханчуудын жил бүр тахидаг овоог тойруулан Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй энэ бүтээн байгуулалтад ном хурах талбай, хүндэтгэлийн тавцан, урлаг соёлын үйл ажиллагаа явуулах тайз, сандал, сагс, хөлбөмбөг, хүүхдийн тоглоомын талбай бэлэн боллоо. Үерийн хамгаалалтаа маш сайн хийсэн учраас наадмын өмнөх үерээс холуур өнгөрлөө” хэмээн “Дүүрэн трейд” ХХК-ийн ерөнхий инженер, төсөл хариуцсан менежер Н.Бадмааванчин өгүүлэв. Уулыг тойруулан хашиж, ая тухтай амрах орчин, хүүхдүүд тоглож наадах талбай, ногоон байгууламж бүтээж болдгийг “Баянхошуу” цэцэрлэгт хүрээлэн тун удахгүй харуулах нь.
НААДМААС ӨМНӨ НЭГ Ч ХҮРЭЭЛЭН БИЙ БОЛСОНГҮЙ
Хотын ногоон байгууламжийн системийг зохион байгуулахдаа нийтийн хэрэгцээний, ботаникийн болон угсаатны зүйн, түүх дурсгалынх гэж гурав ангилдаг байна. Нийслэлийн оршин суугч, иргэдэд зориулж тоос шорооноос хамгаалах, амрах, спорт, соёл урлаг, зугаа цэнгэлийн арга хэмжээ зохион байгуулдаг нь одоогоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс өөр алга. Гэвч тэнд шоу хөтөлбөрөөс илүү хоолны газар, хүүхдийн нүд хуурсан тоглоом түлхүү. Ногоон байгууламж гэхээсээ зах худалдааны төв шиг гудамж угтдаг.
Түүнчлэн дээрх гэр хорооллын 16 байршлаас ядаж тав нь ашиглалтад орох болов уу гэсэн хүлээлт талаар болов. Нийслэлийн холбогдох албаныхан наадмын өмнө гэж мэдэгдэж, маш гоё зураг төсөл гаргасан ч өнөөдрийн байдлаар нэг ч ногоон байгууламж ашиглалтад орсонгүй. Түүнчлэн бүтээсэн байгууламжаа хаана, хэнд хариуцуулах бол гэдэг нь тодорхойгүй. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн иймэрхүү цэцэрлэгүүд сарын дараа л эзэнгүй мэт болчихдог шүү дээ. Яг зураг шигээ бүтээн байгуулалт бий болоосой гэсэн хүлээлт л үлдлээ.