Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/253 дугаар тушаалаар Нийслэл хотод үер усны аюулын улмаас үүссэн хөрсний бохирдлын эсрэг хариу арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллалаа. Нийслэл хотод үер усны аюулын улмаас үүссэн 41 газраас үеийн усны чанар, найрлагаас дээж авч шинжилсэн ба дүгнэлт гарчээ. Шинжилгээгээр сэлбэ, улиастай, дунд голууд V зэрэг буюу бохирдолтой байжээ.
Ажлын хэсгийн хүрээнд долдугаар сарын 7-9-ний өдрүүдэд Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-ын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори (БОХЗТЛ)-ийн 3 хүний бүрэлдэхүүнтэй баг газар дээр нь ажиллаж голын уснаас 18, үерт автсан газруудын халиа, тогтоол уснаас 21, Төв цэвэрлэх байгууламжийн оролт, гаралтын хэсгээс 2 нийт 41 сорьцийг MNS 5667-6:2001 Байгаль орчин. Усны чанар. Дээжлэлт. 6-р хэсэг: Гол, горхины уснаас дээж авах заавар-ын дагуу авч мөн өдрөө БОХЗТЛ болон Усны газрын “Усны хяналтын төв лаборатори”-д хүргүүлэн усны физик, химиийн шинжилгээг 8, бичил амь судлалын шинжилгээг 6 үзүүлэлтээр хийв.
Шинжилгээний дүнгээр эдгээр уст цэгүүдийн ус сул хүчиллэгээс сул шүлтлэг орчинтой (рН=5.9-8.4), эрдэсжилтийг тусгайлан тодорхойлоогүй тул цахилгаан дамжуулах чанар (EC)-ыг хэмжсэн үзүүлэлтээс тоймлон харахад ялимгүй эрдэсжилттэйгээс их эрдэсжилттэй (32.6.0-1851.0), бохирдолтыг тодорхойлогч үзүүлэлтүүдийн нэг болох хялбар исэлдэгч органик бодисуудын агууламж (ПИЧ), шим бохирдлыг илэрхийлэгч азотот нэгдлүүд (NH4, NO2, NO3) ихтэй ус байна. Голуудын усны чанарыг тухайн сорьц авсан цэгүүд дээрх химийн шинжилгээний дүнг үндэслэн бохирдлын индексээр үнэлбэл Туул голын ус IV зэрэг буюу “Бохирдолттой” ангилалд багтаж байсан бол Сэлбэ, Улиастай, Дунд голууд нь V зэрэг буюу “Бохир” ангилалд багтаж байна.