Сэлбэ голын сав дагуу Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх далан задарснаас ойр ормын барилгуудын зоорины давхар болон гарааш усанд автаж, нөхцөл байдал хүндэрсэн билээ. Үерээс үүсэж үлдсэн лаг шавар болон ахуйн хог хаягдлыг тээвэрлэж дуусгалаа. Нийт 13 рэс 127 тн хог хаягдал тээвэрлэн ажиллав. Үерт өртсөн зам, талбай, орон сууцны барилга орчмын лаг, шавар цэвэрлэгээний ажил дууссан хэдий ч ариутгал, халдваргүйжүүлэлт болон үүссэн хохирлыг арилгах, барилга, байгууламжийг цахилгаан, усан хангамжид холбох ажил үргэлжилж байгаа аж.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх энэ талаар “Үерийн усыг бүрэн соруулж, лагаа цэвэрлэн, ариутгал хийсэн ч чийг ихтэйн улмаас хатаалт бүрэн хийгдээгүй байгаа. Үүнээс шалтгаалан нийтийн эзэмшлийн талбай буюу зарим байрны гарааш, орц, подвалыг цахилгаанд холбож чадаагүй. Хэрвээ чийгтэй үед нь цахилгаанд холбовол ямар нэг аваар осол гарах эрсдэлтэй юм. Зарим өндөр барилгуудад цэвэр ус доголдох, дээд давхрууд руу ус шахахгүй байх зэрэг асуудлууд ч тулгарч байгаа. Бохирын асуудлуудаа шийдээд явж байна. Нийслэлээс ариутгал хийж байгаа бөгөөд дүүргийн зүгээс ч хэд хэдэн удаагийн давтамжтайгаар ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа. Одоо хувийн контор, СӨХ-дууд нарийн цэвэрлэгээг сайтар хийж, аюулгүй байдлаа ханган ажиллах шаардлагатай байна” хэмээв.