“Монголын эдийн засгийн чуулган 2023”-ын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын “СССС нэгдүгээр авто зам инженеринг групп” ХХК-тай хийсэн суурь хэлцлийн талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг БНХАУ-д айлчлах үеэр хамтын ажиллагааны суурь хэлцлийг байгуулсан юм. Энэ хүрээнд Тойрог хурдны зам, Улаанбаатарын метро төслийг эхлүүлэх, Туул голын даланг сайжруулах, нийгмийн бүтээн байгуулалт болох эмнэлэг, сургууль барихаар тохиролцоод байна. Тус хөрөнгө оруулалтад 4.3 тэрбум ам.доллар зарцуулагдана.
“СССС нэгдүгээр авто зам инженеринг групп” ХХК нь дэлхийд эхний гуравт, Азидаа тэргүүлдэг дэд бүтэц, бүтээн байгуулалтын компани. Тус компанитай Улаанбаатар хотын төлөвлөлтийг хамтарч хийхээр ярилцаж, энэ хүрээнд БХБЯ, ЗТХЯ, ЭХЯ-тай хамтран ажиллаж байна.
Эхний төлөвлөлтөөр Улаанбаатар хотод нэг талдаа гурван эгнээ, нийт зургаан эгнээ Тойрог хурдны зам байхаас 2 уулзварын огтлолцлыг төлөвлөжээ. Мөн метро байгуулах ажил хэлэлцээрийн шатандаа явж байна.