Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот нь улс төр, эдийн засаг, соёл технологийн өв бөгөөд улсын нийт хүн амын 50 орчим хувь оршин сууж, ДНБ-ий 63 хувийг дангаар үйлдвэрлэж байна. Хот хөгжихийн хэрээр хотжилт, хүн амын хэт төвлөрлөөс үүдэлтэй агаар, орчны бохирдол, орон сууц, дэд бүтэц, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг шийдвэрлэх шаардлагатай олон асуудал бий. Эдгээрийг шийдвэрлэх хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжийг Монголын эдийн засгийн чуулганд оролцож байгаа гадаадын хөрөнгө оруулагчдад санал болгож байна. Мөн 2021 онд УИХ-аас баталсан “Нийслэл Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хууль”-ийн шинэ зохицуулалтаар хот санхүү, төсвийн хувьд бие даах, шинэ хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд шаардлагатай суурь эрхзүйн боломж, чадамжийг нээж өгсөн.
УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Нүүдэлчин соёл иргэншилтэй хүмүүс 1990 оноос өөрсдөө хотоо төлөвлөх гэж алдаа гаргасан. Урьд нь буюу 1921-1990 он хүртэл гадны мэргэжилтнүүдэд тулгуурласан төлөвлөлтийг хийж байсан бол өнөөдөр хот төлөвлөлт үгүй боллоо. Өөрийн өнгө төрхгүй Улаанбаатар боллоо. Иргэдэд ээлгүй орчин нэгэнт бүрдсэн байна. Тиймээс дүүргүүдээ төрөлжүүлэх, дэлхийн шилдэг мэргэжилтнүүдтэй хамтарч, хот төлөвлөлтөд гол анхаарлаа хандуулах цаг ирсэн. Ирээдүйн хотоо зөв төлөвлөх, хүнээ бодсон шинэчлэл хийх шаардлага байна” гэлээ.
Төр хувийн хэвшлийн түншлэлээр хөрөнгө оруулалтыг хийх эрхзүйн орчин бүрдсэн. Тиймээс түншлэлийн гэрээ байгуулахад анхаарахгүй бол эрсдэл гардаг байна. Мөн хотжилтын хөгжлийг уур амьсгалын өөрчлөлттэй уялдуулж, хотын бүсчлэл, зохицуулалтыг нарийн төлөвлөх шаардлага байдгийг олон улсын мэргэжилтнүүд онцоллоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар “Сэлбэ гол сүүлийн 50 жилд байгаагүйгээр үерлэлээ. Үүнээс гол дагасан эдийн засгийг бий болгоход аюулгүй байдал хангасан байгууламжийг барих асуудал гарч ирж байна. Сүүлийн 30 жилд алдагдсан хот төлөвлөлтийг засах, шинэчлэх цаг болсон. 2040 он хүртэлх олон тулгуурт хөгжлийн бодлогыг УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлдэж байна. Мөн хот анх удаа бонд гаргах эрхтэй болсон нь хотын санхүүгийн нэг эх үүсвэр болох юм. Бидэнд дунд, урт хугацаанд санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй. Эдгээр санхүүжилтыг дэд бүтцийн бүтээн байгуулалтад оруулахаар зорьж байна” гэлээ.
ОУСК-ийн Ази, Номхон далайн бүсийн дэд бүтэц, байгалийн нөөцийн салбарын захирал Изабел Чаттертон “Төр хувийн хэвшлийн түншлэлийн хууль яригдаж байгаа юм байна. Хотод хамгийн сайн дэмжлэг болдог зүйл бол зээл. Зээлээр хотод тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэдэг. Мөн хот өөрийн гэсэн орлоготой байх хэрэгтэй. Үндэсний засгийн газраас хамааралгүй дэд бүтцийн төрлүүдээс орлогоо олох. Колумбын Богота хотод дүүжин тээврийн систем нэвтрүүлсэн жишээ байна. Энэ мэтээр өөрсдийн орлогын эх үүсвэрээ бүрдүүлэх нь хотын хөгжилд чухал нөлөө үзүүлдэг” гэдгийг хэлэлцүүлгийн үеэр онцоллоо.
Уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын асуудал хотын хөгжилд сөрөг нөлөө үзүүлсээр байна. Ийм нөхцөлд хотын нөөцөө зөв тодорхойлж, барилга байгууламж барих, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд нарийн төлөвлөгөө, олон улсын шилдэг туршлага судлах шаардлага байгаа юм.
БНХАУ-ын нэгдүгээр автозам инженеринг группын Ерөнхий захирал Жоу Юншен “Улаанбаатар хоттой хамтран ажиллах олон боломж байна. Бидэнд хотын дэд бүтцийн хөгжил, хот төлөвлөлтийн чиглэлд арвин туршлага бий. Манай компанийн хувьд хятаддаа барилгын чиглэлээр тэргүүлдэг 30 жилийн түүхтэй компани. Шинжлэх ухаан дээр суурилсан төлөвлөлт хэрэгтэй байдаг. Улаанбаатарын хувьд том том барилгууд гол дотор баригдсан байна. Үүнийг хотын захиргаа зөвшөөрч болохгүй. Барилга байгууламж барина гэдэг нь цогцолбор байдлаар төлөвлөж, байгальд ээлтэйгээр шийдвэрлэхийг хэлдэг. Тухайн бүсэд юу хэрэгтэй байгааг судалж, төлөвлөлтөө хийх нь хамгийн чухал байдаг” гэлээ.