Хүүхдийн хөгжил, хамгааллын салбар дундын ажлын хэсгийн хурлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам хамтран НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэй хийж байгаа хорт хавдартай хүүхдийн нийгмийн хамгаалал, эрх зүйн байдлын дүн шинжилгээ, зөвлөмжийг хэлэлцүүлж, санал авлаа.
Уг ажлын хүрээнд:
-“Монгол Улс дахь хүүхдийн хорт хавдрын өвчлөлийн байдал ба шийдвэрлэх зарим асуудал”,
-“Хорт хавдартай хүүхдэд үзүүлэх нийгмийн хамгааллын тусламж, дэмжлэгийн эрх зүйн зохицуулалт”,
-“Хорт хавдар туссан хүүхэд, тэдний гэр бүлд чиглэсэн нийгэм, сэтгэл зүйн ба боловсролыг дэмжих үйлчилгээг хэрэгжүүлэх нь” судалгаа, шинжилгээг хийсэн.
-Мөн 2023 оны 9 дүгээр сараас ЭХЭМҮТ дээр хэвтэн эмчлүүлж байгаа хүүхэд, гэр бүлд үзүүлэх нийгэм сэтгэл зүйн үйлчилгээ, боловсролыг дэмжих үйлчилгээний хувилбарыг туршин хэрэгжүүлнэ.
Судалгаагаар хорт хавдартай хүүхэд, гэр бүлд санхүү, түр сахиурын байр, эмийн олдоц хангалтгүй, эцэг, эх, асран хамгаалагч ажлын байргүй болох, сэтгэл зүйн хувьд хямрах, айдаст автах, хүүхдийн боловсрол, хөгжлийг дэмжих үйлчилгээ байхгүй, эмнэлэгт хэвтэж буй хүүхдийн хоолыг бэлтгэх орчин бүрдээгүй зэрэг олон асуудал тулгамдаж байна.
Дараагийн Ажлын хэсгийн хурлаар хорт хавдартай хүүхдийн нийгмийн хамгаалал, эрх зүйн байдалд хийсэн дүн шинжилгээний зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйлчилгээний хувилбарууд, зардлын тооцооллыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.