Үерийн улмаас усанд автсан зам талбай, барилга байгууламжийн ариутгал, цэвэрлэгээ эхэллээ. Тодруулбал, нөхцөл байдал хүндэрсэн байршлуудын лаг, шаврыг зөөж тээвэрлэх, шуудайтай элсийг голын далан руу шахаж зөөх, агаар орчны бохирдлыг цэвэрлэх, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг мэргэжлийн байгууллагууд гүйцэтгэж байна. Энэ хүрээнд нян, өвчин үүсгэгчийг устгаж, орчныг ариутгахаар мананцар үүсгэгч машинууд хотын төв магистрал замууд дээр ажиллаж байгаа юм. Цэвэрлэгээ, ариутгалын ажилд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын 600 гаруй албан хаагч, дүүргүүдийн тохижилт үйлчилгээний ажилчид оролцоно. Ариутгал халдваргүйтгэлийг тодорхой давтамжтайгаар нэг сарын хугацаанд хийхээр төлөвлөжээ. Хот тохижилтын ОНӨААТҮГ-ын таван машин зургаан чиглэлд хуваагдаад ариутгал хийх юм. Ариутгалд олон улсын стандартад нийцсэн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бодисын уусмал ашиглаж байгаа бөгөөд мананцар үүсгэн шүршиж байна.