Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх үер, усны нөхцөл байдалтай холбогдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудтай уулзав. Тэрбээр авран хамгаалах, нүүлгэн шилжүүлэх, сэргээн босгоход хүч нэмэн ажиллаж байгаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, бие бүрэлдэхүүн, алба хаагчид цаашид анхаарах зүйлсийн талаар үүрэг, чиглэл өглөө.
Тодруулбал, хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарах, сэтэрсэн даланг сэргээн засварлах, хүчитгэх, гудамж, зам, талбай, орон сууц, барилга, байгууламжид ариутгал, халдваргүйжүүлэлтийг чанарын өндөр түвшинд хийх, цахилгаан станц зэрэг улсын онцгой объект үер, усны аюулд өртөхөөс сэргийлэх, иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн эд хөрөнгийг авран хамгаалах зэрэг чиглэлээр улам эрчимтэй ажиллахыг үүрэг болголоо.
Мөн үерт өртөж орон гэргүй болсон иргэд, ялангуяа өндөр настан, жирэмсэн эх, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг тус тусын шугамаар тухай бүр шуурхай үзүүлж байх чиглэл өглөө. Мөн хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг иргэдэд бүх сувгаар хүргэж байхыг санууллаа.