Нийслэлийн онцгой комисс (НОК) өчигдөр хуралдлаа. Хурлын эхэнд нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Э.Эрдэнэбаатар нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм. Үргэлжлэн орсон борооны улмаас Туул, Тэрэлж голын усны түвшин 20-53 см, Сэлбэ, Улиастай, Дунд голынх 5-10 см-ээр нэмэгдэж, үерийн аюултай нөхцөл үүсээд байна. Онцгой байдлын байгууллагад 43 дуудлага, мэдээлэл ирж, тэдгээрийн дагуу иргэдийн амь, эд хөрөнгийг хамгаалжээ. Мөн НОК-ын даргын тушаалаар 20 байгууллагын 40 албан хаагчтай шуурхай бүлэг ажиллаж байгаа юм.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хог тээвэр, зам, талбайн цэвэрлэгээний 12 байгууллагын 364 албан хаагч тусгай зориулалтын 80 автомашин, техник хэрэгсэлтэй зуслангийн бүс, “Алтай” хотхон, Сэлбэ голын дагуу нийт дөрвөн байршилд ажиллаж байна. Иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор таван дүүргийн найман хорооны 10 414 хэрэглэгчийн цахилгааныг тасалсан. Усыг соруулж, аюулгүй байдлыг хангасны дараа цахилгаан өгөхөөр төлөвлөсөн бөгөөд 6000 орчим айлын цахилгааныг өгчээ.
Геодез, усны барилга, байгууламжийн газраас Энхтайваны гүүрний нүхэн гарцаас 2300 тонн ус соруулж, 272 тонн дайрга, шороо зөөв. Мөн “Баянмонгол” хорооллын нүхэн гарцаас 3300 шоо метр ус соруулжээ. Сэлбэ гол дагуу 617 албан хаагч 56 техник хэрэгсэлтэйгээр шороо асгаж, далан босгон ажиллаж байна гэлээ.
ЗУУН АЙЛЫН ГҮҮРЭНД БЭХЖИЛТ ХИЙНЭ
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Инженерийн найман байгууллагын 544 албан хаагч 146 машин, техник хэрэгсэлтэй ажиллаж байна. ерийн нөхцөл байдалд 597 хүн ажиллаж байгаа. Хувийн компаниуд шаардлагатай материал, шуудайгаар хангаж, голын урсцыг сайжруулж буй. Усны түвшин бага хэмжээгээр буурсан. Тухайлбал, “Алтай” хотхон орчимд үерийн ус гүүрэнд тулаад байсан бол өдгөө 15 см-ээр доошиллоо. Оройн ээлжид цэргийн бүрэлдэхүүн ажиллана. Зуун айлын гүүрэнд бэхжилт хийнэ. Ус соруулах, даланг хүчитгэх, эрсдэлтэй цэгүүдэд хүн хүч, техник нэмж ажиллуулна. Мөн шөнө эргүүл ажиллана” хэмээлээ.
Геодез, усны барилга, байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа “Баянмонгол” хорооллын нүхэн гарц, Энхтайваны гүүрний доод талын авто замын усны түвшин буурсан тохиолдолд соруулна. Манай албан хаагч нар тасралтгүй 48 цаг ажиллаж байгаа тул яаралтай үед дуудахаар түр амраасан” гэв.
ДҮҮРГҮҮД НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ХЯНАЛТДАА АВЧЭЭ
Дүүргүүдийн удирдлагууд үерийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэд нөхцөл байдлыг бүрэн хяналтдаа авсан бөгөөд хүн хүч, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хүрэлцээтэй байгааг хэллээ. Сүхбаатар дүүргийн тухайд 15 дугаар хорооны Дамбадаржаагийн 81-84 дүгээр гудамжинд нөхцөл байдал хүндэрчээ. Дүүргийн онцгой комисс, цагдаа зэрэг холбогдох байгууллагынхан хамтран далан босгосон байна. Уг хэсэгт 200 гаруй иргэн байдгаас 43 өрхийн 170 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн. 14 өрх нүүхгүй хэмээн үлджээ. Мөн Ар хустайд 50 гаруй айл үерт автсан. Айлуудад сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэсэн байна. Түүнчлэн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийг холбосон гүүр нурсан гэв.
Баянгол дүүргийн удирдлагууд Дунд голын далангийн нарийссан хэсгийг өргөтгөн, урсцыг сайжруулсан. 200 машин хайрга, дайрга буулгаж, элс, хайргыг шуудайлж байна. Хүний нөөц хангалттай байгаа гэсэн бол Хан-Уул дүүрэгт 130 албан хаагч техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Соёмботой хөшөөнөөс “Говь” компани хүртэл нөхцөл байдал хүндэрсэн. 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн ойролцоо маш их ус тогтож, иргэд орц руугаа ороход хүндрэлтэй байгаа тул 12 насос ажиллаж байна. Зарим байрны усыг тогтоосон. Гэсэн ч ус соруулаад ч нэмэргүй байрнууд байгааг хэлэв. Мөн III хороо буюу “Алтай” хотхон руу ордог хэсэгт усны түвшин гүүр давах гэж байсныг далан босгож, хяналтдаа авчээ. Түүнчлэн Туул голын түвшин нэмэгдэж байна. Туул голын усны хэвийн түвшин 202 см байдаг бол одоо 230 см айгаа юм. Харин аюултай түвшин 260 см. Усны түвшин нэмэгдвэл нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй хэмээсэн.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 43 хороог дөрвөн бүсэд хуваан, 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үерийн ус соруулах баг ажиллаж байна. Үерт өртөж болзошгүй 4-5 хороонд эргүүл ажиллаж, иргэдэд заавар, зөвлөмж өгч, шуудуу ухан, далан босгож байна. Дүүргийн 56 байгууллагын 120 албан хаагчдыг дайчлан, 1000 шуудай хайрга, дайрга нөөцөлж буйг хэлж байв. Хайрга, дайргыг үерийн эрсдэлтэй бүс рүү зөөвөрлөж, далан босгох юм. Таван шар, I хорооллын байрнууд дунд тогтсон усыг соруулсан гэлээ.
Баянзүрх дүүрэгт гурван байршилд үерийн нөхцөл байдал үүссэн. Өчигдөр 03.00 цагаас хойш байрнуудын гараашинд байгаа машиныг гаргах ажлыг зохион байгуулжээ. 15 мянган шуудай шороо бэлдсэнээс 7000 шуудайг ашиглаад байна. Айлууд руу орсон усыг шийдэж, нөхцөл байдал тогтворжсон. 34 байр усанд өртсөнөөс 25-ыг нь соруулсан. Үлдсэнийг нь үргэлжлүүлэн соруулан, 11 техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Шөнийн ээлж гаргасан гэлээ.
Чингэлтэй дүүргийн хувьд 24 хороотой бөгөөд таван хороонд албан хаагч нар ажиллаж байна. Өчигдөр 02.00 цагаас хойш 15 дуудлага хүлээн авч, шаардлагатай арга хэмжээг авч, үерт өртсөн 200 гаруй өрхийн 500 гаруй иргэнийг үерийн бүсээс гаргасан. Долоон байршлын 650 метр газарт үерийн хамгаалалтын далан босгож байна. Шөнийн ээлж гаргаж, далан босгон, нөхцөл байдлыг бүрэн хяналтдаа авсан хэмээв.
Д.СУМЪЯАБАЗАР: НЭГ Ч ХҮНИЙ АМИЙГ ЭРСДҮҮЛЭХГҮЙН ТӨЛӨӨ НИЙСЛЭЛИЙН АЛБАН ХААГЧИД АЖИЛЛАЖ БАЙНА
Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ЗХЖШ-аас 200 гаруй цэргийн албан хаагчийг дайчлан ажиллуулж байна. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч 13 компаниас хайрга, элс татаж буй юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазар шуурхай ажиллаж, үерийн нөхцөл байдлыг хяналтдаа авсан дүүргийн удирдлагуудад талархал илэрхийлж, бороо орох, Туул голын усны түвшин нэмэгдэх магадлалтай тул бэлэн байдалд ажиллахыг санууллаа. Мөн нэг ч хүний амийг эрсдүүлэхгүйн төлөө нийслэлийн албан хаагчид ажиллаж байгаа бөгөөд далан босгох ажлыг яаралтай зохион байгуулахыг үүрэг болгов. Түүнчлэн албан хаагчдыг 2-3 ээлжид ажиллуулж, хоол хүнс, техник, хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах хэрэгтэйг онцолсон юм. Цахилгааны асуудлыг яаралтай шийдэх, аюулгүй байдлыг хангах, нэг ч хүний амь эрсдэх учиргүй гэдгийг.