Жил бүрийн зургадугаар сараас эхлэн улиасны унгирал агаарт дэгдэж, иргэдийн харшлыг сэдрээн, гудамж, талбайгаар зорчихоос халшрах шалтгаан болдог. Үүнтэй холбогдуулан нийслэлээс унгирал багасгах ямар арга хэмжээ авч буй талаар “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ынхнаас тодруулахад “Улиас модны унгирлыг багасгахын тулд тариа хийх, бороожуулагч машин ашиглан усаар шүрших зэрэг арга хэмжээ авдаг. Тариаг хавар, намрын улиралд буюу унгирал тарахаас өмнө хийдэг онцлогтой. Энэ аргыг ашигласан жилд улиасны үр бага тогтсон үр дүн гарсан ч үүнийг мод бүрт хийх нь өндөр өртөгтэй. Одоогоор зөвхөн усаар шүрших арга хэмжээг хөдөлгөөн саарснаас хойших цагуудад хэрэгжүүлж байна. Долдугаар сарын сүүлч гэхэд унгирал бүрэн унаж дуусна” гэв.
Унгирлыг багасгахын тулд ямар арга хэмжээ авбал тохиромжтойг ШУТИС-ийн профессор Д.Сэрдарамаас тодруулахад “Улиас бол хот цэцэрлэгжүүлэхэд тохиромжгүй мод. Харин хөрс хамгаалж, салхи хаах үүрэгтэй. Хурдан ургадаг учраас л нийслэлд олноор нь тарьсан. Агаарт дэгдэх унгирлыг багасгая гэвэл хаврын улиралд моддыг хэлбэржүүлж тайрахаа багасгах хэрэгтэй. Түүнчлэн бортоголох, олс үндсэнд нь хүргэх гэх мэт олон арга, технологи бий. Ийм байхад усаар шүрших зэрэг уламжлалт арга ашиглаж байгаа нь харамсалтай. Уг нь хотын гудамж, талбайд монос, буйлс, гүйлс зэрэг цэцэглэж, үнэр гаргадаг мод тарих боломжтой шүү дээ” гэлээ.