Үерийн нөхцөл байдал хүндэрсэн Баянзүрх дүүргийн 1, 25 дугаар хороо буюу Зам тээврийн хөгжлийн яамны уулзвараас “Нарантуул” ОУХТ, Хан-Уул дүүргийн Механикийн сургуулийн уулзвараас ТЭЦ-3-ын уулзвар хүртэл, мөн “Натур”, “S Outlets” болон “Их наяд” төвийн орчим гэсэн байршилд ажлын хэсэг хоёр хуваагдан нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, арга хэмжээнүүдийг газар дээр нь авч хэрэгжүүлж байна.
Сүүлийн өдрүүдэд нийслэлд бороо үргэлжлэн орсны улмаас үер болсон тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, авто зам, замын байгууламж болон тээврийн хэрэгсэлд эрсдэл учирч байгаа тул Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, зарим авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаалаа. Одоогоор Сүхбаатар дүүрэг Сэлбэ голын үерийн бүсэд хог тээвэр, зам цэвэрлэгээний нийт 10 байгууллагын 90 албан хаагч 21 машин техниктэйгээр далан босгох, шороо тээвэрлэх ажлыг гүйцэтгэж байна. Түүнчлэн хайрга, дайрга болон элс шороог Нарангийн энгэр, Цагаан даваа гэсэн төвлөрсөн хоёр цэгээс тээвэрлэж байгаа юм.
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Дунд голын усны түвшин ихсэж, “Алтай” хотхоны орон сууцнууд усанд автах эрсдэл үүсэж, байгууллагууд, 34 хороодын 170 ажилтан, албан хаагч, 15 нэгж техниктэйгээр ажиллаж, хотхон руу орох замыг хааж, том оврын авто машинаар элс, шороо буулгаж, шуудайлсан элсээр үерийн даланг хүчитгэн бэхжүүлээд байна. Мөн гараашийн орцыг шуудайтай элс шороогоор хааж аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна. Түүнчлэн бусад байршилд үер буусан, голын ус эргээ хальсан, их хэмжээний ус тогтсон, цахилгаан дамжуулах шугам унасан хүндрэл гарч, холбогдох албаныхан арга хэмжээ авч байна. Улмаар 18 байршилд бодит эрсдэл үүссэнийг албаныхан онцоллоо