БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлтэй зээлийн хүрээнд Улаанбаатар хотод шинээр хоногт 250,000м3 ахуйн болон үйлдвэрийн хаягдал ус цэвэрлэх байгууламж барьж, цэвэрлэгдсэн усны чанарыг Монгол улсын MNS:4943-2015 стандартын түвшинд хүргэж, цэвэршүүлэх, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилгоор “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр байгуулах төсөл”-ийн барилга угсралтын ажлыг 2020 онд эхлүүлсэн бөгөөд нийт 35 барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ дэд бүтэц баригдахаар төлөвлөгдсөн. Тус төслийн барилга угсралтын ажил 65%-ийн гүйцэтгэлтэй байна.
Монгол улсын Засгийн газар Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төслийг Баян-Өлгий, Увс, Завхан, Говьсүмбэр, Дорнод аймгуудад хэрэгжүүлэхээр гэрээ байгуулан ажлыг эхлүүлсэн. Төслөөр Баян-Өлгий, Өлгий сум 4,200м3/хоног, Завхан, Улиастай сум 3,000м3/хоног, Дорнод, Хэрлэн сум 10,000м3/хоног, Говьсүмбэр, Сүмбэр сум 2,000м3/хоног, Увс, Улаангом сум 3,000м3/хоног тус тус хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барихаар ажиллаж байна.