Үндэсний их баяр наадмын тасалбарыг жуулчны компаниудад хуваарилах ажлыг Монголын аялал жуулчлалын холбоо, нийслэлийн Аялал жуулчлалын газар хариуцан зохион байгуулж ирсэн билээ. Өнөө жил жуулчдад хэчнээн суудал олгох, тур оператор компаниудын хүсэлтийг хэдийнээс хүлээн авах тухай мэдээллийг наадам зохион байгуулах комисс оройтуулж өгснөөс дээрх байгууллагууд өнгөрсөн долоо хоногт л тасалбараа хуваарилсан юм. Гэтэл наадам болоход долоо хүрэхгүй хоног үлдээд байхад БОАЖЯ тасалбар хуваарилалтыг дангаараа хариуцан ажиллахаар болсноо мэдэгджээ. Үүнд унтууцсан аялал жуулчлалын компаниуд Монголын аялал жуулчлалын холбоогоор дамжуулан БОАЖ-ын сайдад хүсэлт гаргасан байна.
Уг хүсэлтэд “Тогтсон үйл явцыг ийнхүү гэнэт өөрчлөх нь наадмын үеэр төлөвлөсөн аяллын маршрутыг тасалдуулж, урьдчилсан захиалга өгсөн компаниуд болон жуулчдад бэрхшээл учруулах эрсдэлтэй. “Монголд зочлох жил”-тэй холбоотойгоор жуулчны тоо эрс нэмэгдсэн энэ үед гадаадын иргэдэд олгох тасалбарын тоог өмнөх жилүүдийнхээс бууруулсан нь ойлгомжгүй байна. Үүнээс болж олон жуулчин наадмын нээлт үзэх боломжгүйд хүрч, аяллын компаниуд торгуульд уналаа. Монголын эдийн засгийн форумыг наадамтай давхцуулан зохион байгуулахаар төлөвлөж, жуулчдад хуваарилах тасалбараас авч буй нь “Монголд зочлох жил”-ийн хөтөлбөр, бодлого, Засгийн газрын амлалтыг үгүйсгэлээ. Энэ асуудалд анхаарал хандуулж, шийдвэрлэхийг хүсье” гэжээ. Харин салбарын сайд нь “БОАЖЯ тасалбар зардаггүй. Цаашдаа ч зарахгүй. Худал мэдээлэл түгээхгүй байхыг хүсье” хэмээн нийгмийн сүлжээнд байр сууриа илэрхийлжээ.
Бэлтгэсэн: Н.Мишээл