Тул болон агнуурын бусад зүйлийн загас хамгаалах, зориудын аргаар үржүүлэх, сэргээн нутагшуулах төсөл хэрэгжүүлж буй “Чулуут тул” төрийн бус байгууллагынхан Сэлэнгэ мөрний эхэд орших Чулуут, Суман, Алтаад голд зэвэг, хадрангийн 520 мянган жарамгай нутагшуулжээ. Ингэснээр тэд Чулуут голын ай савын загасны тоог 2 250 000-аар нэмэв. Тус байгууллагынхан сүүлийн дөрвөн жилийн хугацаанд загасыг лабораторийн орчинд зориудаар үржүүлж, амьдрах чадвартайг нь голд нутагшуулсан юм. Судлаач, мэргэжилтнүүд “Чулуут тул-2030” төслийн хүрээнд 15 сая загас үржүүлж, Сэлэнгэ мөрний эхэд нутагшуулах зорилт тавьсан бөгөөд өдгөө үүнийхээ 15 хувьтай тэнцэхүйц тооны жарамгайг дээрх голуудад тавиад байна.